БНСУ-ын эрх баригчид хязгаарлалтын дэглэмийг сулруулна
БНСУ-д өдөрт бүртгэгдэх халдварын тоо 100 мянгыг давж, дахин дээд үзүүлэлтэд хүрлээ. Гэсэн ч тус улсын Засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ковидын зарим хязгаарлалтуудыг сулруулж байна.
БНСУ-д цар тахал эхэлснээс хойш анх удаа өдөрт 100 мянгыг давсан тохиолдол бүртгэгдэж байна. Тус улсын Засгийн газар коронавирусний эсрэг хязгаарлалтад өртсөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс хязгаарлалтын дэглэмээ сулруулж байгаа юм.
БНСУ-ын Эрүүл мэндийн яамны ахлах ажилтан Ли Ки Ил "Бүх үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаарыг 22:00 болгон өөрчилнө. Нэг дор олноор цугларахгүй байх зэрэг бусад арга хэмжээнүүд хэвээрээ үргэлжилнэ. Энэ удаагийн авч байгаа арга хэмжээ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хүлээлт байсан. Бид иргэдээс ирсэн янз бүрийн саналыг сонсож, сайтар тунгаан бодож гаргасан шийдвэр гэдгийг ойлгоорой" гэсэн байна.
Хязгаарлалтыг сулруулах хугацаа нь өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 13-ны хооронд үргэлжилнэ. Мөн энэ хугацаанд нэг дор цугларах хүмүүсийн дээд хязгаар нь зургаан хүн хэвээр байх аж. Эрүүл мэндийн байгууллагууд өмнө нь энэ сарын эцэс гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдол 170.000-д хүрч болзошгүйг анхааруулж байсан юм.
БНСУ-ын Эрүүл мэндийн яамны ахлах ажилтан Сон Ён Рае "Одоогийн байдлаар "Омикрон" хувилбарын оргил үеийг таамаглахад хэцүү байна. Гэсэн ч хэд хэдэн шинжээчийн таамагласан симуляцийн загваруудыг танилцуулж байна. "Омикрон" хувилбарын оргил үе хоёрдугаар сарын сүүлч, эсвэл гуравдугаар сарын эхээр оргил үедээ хүрнэ" гэжээ.
Үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь уртассан нь амралтын өдрүүдэд тархалтыг улам нэмэгдүүлж болзошгүй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тэгвэл БНСУ-д ирэх гуравдугаар сарын дунд үе гэхэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 270.000-д хүрнэ гэж төрийн мэдлийн судалгааны төв нь тооцоолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.