Ерөнхийлөгчийн ажлын албыг Хөх ордноос нүүлгэх талаар хэлэлцэнэ.

Ерөнхийлөгчийн ажлын албыг Хөх ордноос нүүлгэх талаар хэлэлцэнэ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Юн Сок Ёлтой уулзах үеэрээ ерөнхийлөгчийн ажлын албыг Хөх ордноос нүүлгэх төлөвлөгөөнийх нь талаар хэлэлцэх төлөвтэй байна гэж Мүн Жэ Иний ахлах туслах өнөөдөр мэдээлжээ.

Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Пак Со Хёны “YTN” радиод мэдээлснээр, Хөх Ордон Юн Сок Ёлын сонгуулийн амлалт, төрийн үйл хэргээ явуулах чиглэлийг хүндэтгэх байр сууриа хадгалсан хэвээр байгаа ажээ. “Талууд уулзах үеэрээ Хөх ордныг ард түмэнд ойртуулах Юн Сок Ёлын санал санаачилгыг хэрхэн бодит үйл хэрэг болгох талаар дэлгэрэнгүй ярилцах төлөвтэй байна” гэж тэрбээр хэлжээ.

Юн Сок Ёл ерөнхийлөгчийн ажлын албыг “эзэн хааны эрх мэдлийн бэлгэ тэмдэг” байлгахаас илүүтэй ард түмэнд ойртуулахыг хүсэж байгаагаа илэрхийлээд, Хөх ордноос одоогийн Батлан хамгаалахын яамны байр луу нүүлгэх шийдвэрийнхээ талаар мэдэгдээд байгаа ажээ. Ажлын албыг ийнхүү нүүлгэх нь Юн Сок Ёлын мөрийн хөтөлбөрийн гол амлалтуудын нэг юм байна.

Пак Со Хёны хэлснээр, хэрэв Юн Сок Ёлын шилжилтийн баг албан ёсоор хүсэлтээ гаргавал Хөх ордон ерөнхийлөгчийн ажлын албыг нүүлгэх төсвийн талаар хэлэлцэхэд бэлэн байна. Мүн, Юн нар өнгөрсөн лхагва гарагт уулзахаар төлөвлөж байсан боловч уулзалтын өмнөх хэлэлцүүлгүүд хараахан дуусаагүй байгаа тул цуцалжээ. Хөх ордон болон Юн Сок Ёлын албанаас уулзалтыг дахин товлож байгаагаа мэдээлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.