БНАСАУ-д Ким Ил Соны мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ.
БНАСАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тэмдэглэдэг Нарны өдөр буюу тус улсыг үүсгэн байгуулагч Ким Ил Соны мэндэлсэн өдөр янз бүрийн баярын үйл ажиллагаа, тэр дундаа соёлын хоёр томоохон наадам зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Солонгосын төв цахилгааны мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.
Дөрөвдүгээр сарын 10-18-нд Пёньян хотод олон төрлийн үзүүлбэр бүхий томоохон хэмжээний наадам болно. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 10-наас 20-ны хооронд дахин нэг арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь хоёр жилд нэг удаа болдог “Дөрөвдүгээр сарын хавар” олон улсын урлагийн наадам аж. Энэхүү наадамд ОХУ-ын бүжгийн "Берёзка" чуулга оролцоно гэж өмнө нь мэдээлсэн байна. Тус чуулга 16 бүжгийн үзүүлбэр орсон бүрэн хэмжээний концертын хөтөлбөрийн бичлэгийг зохион байгуулагчдад илгээнэ.
"Ноднин Синмун" сонинд тэмдэглэснээр, баярын арга хэмжээ нь ард түмнийг энэ жилийн хувьсгалын ололт амжилтад урам оруулах ёстой. Үүнээс гадна, БНАСАУ-ын эрх баригчид ихэвчлэн томоохон баярын жагсаал зохион байгуулдаг. Тус улс баяр ёслолын томоохон ажиллагаанд бэлтгэж байгаа тухай өмнө нь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сансрын хиймэл дагуулаас авсан зургуудын мэдээллээс эш татан мэдээлжээ. Тэдний тооцоогоор Пёньян парадын сургуулилалтад 7 500 гаруй цэрэг оролцуулсан байна.
БНАСАУ-д дөрөвдүгээр сарын 14-ны өдөр Ким Ил Соны мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ. Нарны өдөр нь тус улсын гол баяруудын нэг юм. Баярын үеэр БНАСАУ шинэ зэвсгээ үзүүлж магадгүй байдаг тул Барууны болон Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ өдөр цэргийн парад зохион байгуулбал уламжлал ёсоор анхааралтай ажигладаг билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.