БНСУ-д зай барих бүх журмыг ирэх долоо хоногт цуцална 

БНСУ-д зай барих бүх журмыг ирэх долоо хоногт цуцална 

БНСУ-д амны хаалт заавал зүүхээс бусад зай барих бүх журмыг ирэх долоо хоногт цуцална гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөө өглөө мэдэгджээ. БНСУ-д цар тахал хоёр жилийн өмнө дэгдсэнээс хойш анх удаагаа бүх хязгаарлалтыг цуцлах гэж буй нь энэ юм.

“Даваа гаргаас зоогийн газар, кафе болон бусад жижиг бизнесүүд хөл хорих цаг баримтлахгүйгээр үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж болно. Үүний зэрэгцээ хувийн уулзалтад оролцох хүмүүсийн тоонд тавьж байсан хязгаарыг цуцална” гэж Ким Бу Кюм “COVID-19”-тэй тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр хэлжээ.

Одоогоор дээр дурдсан үйлчилгээний газруудад шөнө дунд хүртэл ажиллахыг зөвшөөрч, хувийн уулзалтад оролцох хүний тоог 10-аар хязгаарлаж байгаа юм. Ерөнхий сайдын хэлснээр, “омикрон” хувилбарын тархалт гуравдугаар сарын гурав дахь долоо хоногт оргил үедээ хүрснээсээ хойш илт намжиж буй байдал ажиглагдсан байна. Ийнхүү нөхцөл байдал тогтворжсон хийгээд эмнэлгийн хүчин чадавхийг харгалзан Засгийн газар зай барих журмыг цуцлахаар шийдвэрлэжээ.

Гэхдээ Засгийн газар ирэх хоёр долоо хоногт “COVID-19”-ийн өвчлөлийн байдлыг хянах тул амны хаалт заавал зүүх журмыг одоогоор үргэлжлүүлэн мөрдөнө гэж Ким Бу Кюм тайлбарласан байна. Түүний хэлснээр, битүү орчинд амны хаалт зүүх журмыг нэлээд хугацаанд зайлшгүй мөрдөх бол харьцангуй эрсдэл багатай гадаа талбайд амны хаалт зүүх тухайд халдварын нөхцөл байдлыг судалж үзсэний дүнд хоёр долоо хоногийн дараа шийдвар гаргах ажээ.

БНСУ-д зай барих журмыг 2020 оны гуравдугаар сард анх танилцуулж, шашны байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоож байсан юм. Тийнхүү 2021 оны нэгдүгээр сард Засгийн газар орон даяар хувийн уулзалтад оролцох хүний тоог таваар хязгаарлаж эхэлжээ. Хожим нь хэвийн амьдралдаа үе шаттайгаар эргэн орох стратегийн хүрээнд 11 дүгээр сараас зай барих журмыг сулруулж эхэлсэн боловч халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор дахин мөрдөж эхэлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.