БНСУ, АНУ хамтарсан сургуулилт хийж эхэллээ
Өмнөд Солонгосын штабын дарга нарын нэгдсэн хороо, цэргүүд нь өнөөдрөөс буюу даваа гарагаас Америкийн түншүүдтэйгээ тогтмол хийдэг хамтарсан бэлтгэл сургуулилтаа эхлүүлнэ гэж мэдэгдлээ. Тэр үеэр Солонгосын хойгт үүсч болзошгүй гэнэтийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах тактик бэлтгэж боловсруулах аж.
Тодруулбал, энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх сургуулилтын хугацаанд байлдааны ажиллагаа явуулах боломж чадавхыг өсгөхөд чиглэсэн хамгаалалтын компьютер төлөвлөлт мөн багтахыг мэдээлжээ. Энэ хүрээнд цэргийн албан хаагчид оролцуулсан байлдааны буудлага хийхгүй юм байна.
Энэ зуур Өмнөд Солонгосын нутагт эхлэх тус цэргийн сургуулилт нь, Умардад анхааруулах цөмийн цохилт өгөхөд чиглэсэн гэсэн агуулгатай мэдэгдлийг Умард Солонгосын, үндэстнээ энх тайвнаар нэгтгэх асуудал эрхэлсэн хорооны сайтад нийтэлжээ. Санаандгүй зөрчил будлиан өргөн хэмжээний дайн болж газар авахгүй гэх ямар ч баталгаа байхгүй гэж тус мэдэгдэлд дурджээ.
Мэдэгдэлд түүнчлэн, Умард Солонгос улсад цөмийн зэвсгээр тогтоон барих хүчтэй нөөц бий, тиймээс Солонгосын хойгийн энх тайван байдлыг алдагдуулахыг санаархагч түрэмгийлэгчид болоод өдөөн хатгагчдад зохих шийтгэлийг нь өгөх болно гэж өгүүлжээ.
Одоогийн цэргийн сургуулилтыг Пхеньян, АНУ болон Өмнөд Солонгосын зүгээс өөрийнх нь эсрэг дайсагнасан бодлогын илэрхийлэл хэмээн мэдэгдэж, цуцлахыг нэг бус удаа шаардсан байна. Умард Солонгосын талаас баллистик пуужингууд харвах юм уу долоо дахь цөмийн туршилтаа хийж болзошгүй гэж үзэж байгаагаас хоёр Солонгосын аль аль нь өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.