БНСУ АНУ дээд хэмжээний уулзалт хийх төлөвтэй байгаа
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНСУ-ын төрийн тэргүүнээр сонгогдоод буй Юн Сок Ёльтой анхны дээд хэмжээний уулзалт хийхээр Сөүл хотноо ирэх тавдугаар сарын 20-22-нд айлчлах төлөвтэй байна гэж эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ.
Ж.Байден Японд тавдугаар сарын 24-ны үед Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээнд оролцохынхоо өмнө юм уу дараа БНСУ-д айлчилж магадгүй байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Сөүл, Вашингтоны төлөөлөгчдийн хэлэлцээгээр түүний айлчлах боломжтой хугацааг тавдугаар сарын 20-22-ны өдрүүд гэж тодорхойлжээ. АНУ БНСУ-тай холбоотны харилцаагаа шинээр бэхжүүлэх зорилготойгоор энэхүү айлчлалыг төлөвлөж байна гэж үзэж байгаагаа нэгэн эх сурвалж хэлсэн байна.
Ж.Байдены Сөүлд хүрэлцэн ирэх өдөр, дээд хэмжээний уулзалт болох газар зэрэг айлчлалтай холбоотой нарийн ажлуудыг зохион байгуулах ажил үргэлжилж байгаа ажээ. АНУ-ын төлөөлөгчдийн урьдчилсан баг энэ долоо хоногт Сөүлд ирж, уулзалтыг зохион байгуулах боломжтой газруудыг судлах төлөвтэй байна.
Юн Сок Ёлийн зөвлөх Чан Же Вон хоёр орон Ж.Байдены айлчлалын товын талаар хэлэлцэж байгааг баталсан байна. Тэрбээр сэтгүүлчдэд, “Бид одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийх шатанд очоогүй байна. Одоогоор шийдэгдсэн зүйл байхгүй” гэж мэдээлжээ.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь БНСУ-ын Ерөнхийлөгчийг тангараг өргөснөөс хойш хамгийн ойрын хугацаанд болох БНСУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалт болох төлөвтэй байгаагаараа онцлогтой байна. Юн Сок Ёль тавдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.