БНСУ-д нарийн ширхэгт тоосонцрын талаар сэрэмжлүүлэг гаргажээ

БНСУ-д нарийн ширхэгт тоосонцрын талаар сэрэмжлүүлэг гаргажээ

Хятадын хойд нутаг болон Монголын өмнийн говьд дэгдсэн шар шороон шуурга лхагва гарагт БНСУ-ын бараг бүх нутгийг бүрхжээ.

Шар шороон шуурга өглөөний 7 цагийн байдлаар тус улсын бараг бүх нутгийг нөмөрсөн бөгөөд пүрэв гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж Өмнөд Солонгосын цаг уурын удирдах газар (“KMA”) мэдээлсэн байна.

Тус улсын бүх хэсэгт нарийн ширхэгт тоосонцрын талаар сэрэмжлүүлэг гаргасан гэж эрх баригчид мэдээлжээ. 

Нийслэл Сөүл хотод өглөөний 7 цагийн байдлаар 10 микрометрээс бага голчтой "PM 10" нарийн ширхэгт тоосонцрын цагийн дундаж агууламж шоо метр тутамд 192 микрограмм, Сөүлээс зүүн урд зүгт 307 км-ийн зайд орших Ульсан хотод 494 микрограмм болж нэмэгдлээ гэж “КМА” мэдээлсэн байна.

"PM 10" тоосонцорын агууламж хоёр цагаас илүү хугацаагаар 150 микрограммаас дээш үзүүлэлттэй байвал нарийн ширхэгт тоосонцроос сэргийлэх зөвлөмж гарган иргэдэд анхааруулдаг аж.

Өмнөд Солонгосын цаг уурын алба "PM 10"-ын агууламж 0-30 микрограмм байвал "сайн", 31-80  байвал "хэвийн", 81-150 байвал "муу", 151-ээс дээш нь байвал "маш муу" түвшин гэж ангилдаг байна.

“КМА”-ийн мэдээлж байгаагаар, "PM 10" тоосонцорын агууламж "маш муу" түвшинд пүрэв гараг хүртэл үргэлжилнэ.

Эрх баригчид амьсгалын замын өвчтэй хүмүүс болон хүүхэд, настайчуудыг гэртээ байж, гадагш гарахдаа амны хаалт зүүхийг зөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.