Япон улс БНСУ-ыг худалдааны “цагаан жагсаалт”-даа буцаан орууллаа

Япон улс БНСУ-ыг худалдааны “цагаан жагсаалт”-даа буцаан орууллаа

Япон улс БНСУ-ыг худалдааны найдвартай түншүүдийн “цагаан жагсаалт”-даа буцаан оруулах шийдвэр гаргаснаа  мягмар гарагт мэдэгджээ.

Японы Худалдааны яам БНСУ-ыг худалдааны түншүүдийн "цагаан жагсаалт" дахь статусыг сэргээх шийдвэр гаргасан байна. Ингэснээр Сөүл экспортын хөнгөлөлттэй нөхцөлийг эдлэх боломжтой болж байна. 

2019 оны долоодугаар сард Япон улс БНСУ руу фторын полимид, резист, устөрөгчийн фтор экспортлох журмыг чангатгаж, улмаар тус улсыг экспортын хяналтын хялбаршуулсан журамд хамрагдах эрхтэй орнуудын жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ.

1910-1945 оны колоничлолын үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг олгохыг БНСУ-ын Дээд шүүх 2018 онд Японы компаниудаас шаардсаны дараа Япон улс БНСУ-ыг холбогдох жагсаалтаасаа хасаж, улмаар Сөүлийн засаг захиргаа ижил шийдвэрийг гаргаад байсан юм.

Энэ оны гуравдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар хоёр талын харилцааг сайжруулахын тулд хамтын хүчин чармайлт гаргахаар тохиролцсон билээ.

Япон улс гуравдугаар сард  дээрх гурван материалын экспортын хязгаарлалтаа цуцалсан бол БНСУ дөрөвдүгээр сард Японыг худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтдаа буцаан оруулжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.