Умард Солонгос Азийн наадамд оролцохоор бүртгүүлжээ

Умард Солонгос Азийн наадамд оролцохоор бүртгүүлжээ

БНХАУ-ын зүүн нутгийн Ханжоу хотод энэ намар болох бүс нутгийн наадамд оролцохоор Ази тивийн болон бүс нутгийн бүх Олимпын хороо, тэдгээрийн дотор БНАСАУ бүртгүүлсэн тухай Хятадын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газраас лхагва гарагт мэдээлжээ.

Пёньян коронавирусний тархалтыг зогсоохын тулд 2020 оноос хойш хилээ үндсэндээ бүрэн хаасан билээ. Есдүгээр сарын сүүлчээс 10 дугаар сарын эхэн хүртэл үргэлжлэх Азийн наадмын өмнө БНАСАУ-ын эрх баригчид хилээр зорчих хоригийг сулруулах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Азийн Олимпын Зөвлөлд нийт 45 улсын Үндэсний олимпын хороо багтдаг.

БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын дэд дарга Жоу Жиньчян Бээжин хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, “COVID-19” цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон энэхүү наадам нь өнгөрсөн оны 10 дугаар сард болсон Коммунист намын их хурлаас хойш Хятад улсын зохион байгуулах "хамгийн том хэмжээний, хамгийн өндөр түвшний олон улсын спортын арга хэмжээ" болно гэжээ.

Ханжоугийн наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд Азийн олон улс түүхэндээ хамгийн олон тамирчнаа илгээнэ гэж тэрбээр хэлжээ. Энэхүү наадамд Хятадын 900 орчим тамирчин оролцоно гэж Жоу Жиньчян нэмж хэлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.