БНСУ-д АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга айлчиллаа.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Токиод болсон Долоогийн бүлгийн орнуудын уулзалтын дараа Лхагва гарагийн орой БНСУ-д хүрэлцэн очлоо. Энтони Блинкен Сөүлд 2 хоногийн айлчлалынхаа хүрээнд Умард Солонгосын цөмийн пуужингийн асуудал болон ОХУ-тай цэрэг батлан хамгаалахын салбарт хамтарч байгаа талаар асуудал хөндөж ярилцах юм байна. Тэрээр Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Пак Жинтэй уулзаж ярилцах төлөвлөгөөтэй, дараагаар нь ерөнхийлөгч Юүн Сог Ёлд бараалхах болов уу гэсэн хүлээлттэй байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн 9-р сард ОХУ-д айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинтай Оросын алс дорнодод уулзаж, сансрын технологийн талаар ярилцсан. Үүний дараа хоёр улс хэд хэдэн удаа зэвсгийн наймаа явуулсан талаар олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байсан. Сөүлийн зүгээс Пхеньян Орост Украины дайнд зориулж 1 сая сумны дайз илгээсэн, хариуд нь сансрын хиймэл дагуулын технологи авсан гэж мэдээлсэн байна. Блинкен Токиод Долоогийн бүлгийн уулзалтын үеэр Оросыг Умард Солонгост зэвсэглэлийн хариуд ямар ямар дэмжлэг үзүүлж байгааг таашгүй, санаа зовнин ажиглаж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Олон жилийн турш найрсаг харилцаатай яваа ОХУ болон Умард Солонгос аль аль нь барууны хоригт орсон. Оросын хувьд Украин руу явуулсан дайралтынхаа улмаас Умардын хувьд цөмийн зэвсэг хөгжүүлж байгаа гэдгээрээ барууны хоригт орсон. Умард Солонгосын хувьд энэ онд хоёр ч удаа дэлхийн тойрог замд тагнуулын хиймэл дагуул хөөргөх гээд чадаагүй.
Харин энэ удаа Оросын дэмжлэгтэйгээр хиймэл дагуулаа амжилттай хөөргөж магадгүй гэж Сөүлийн зүгээс таамаглаж байгаа юм байна. Долоогийн бүлэг мөн АНУ-ын нэгэн адилаар Умардыг Орост зэвсэг нийлүүлсэн гэж буруутгаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчлөө гэсэн албан мэдэгдэл гаргасан байна. Тэгвэл Кремлийн зүгээс Умардаас зэвсэг авсан гэх ямар ч нотолгоо байхгүй гэж өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм. Блинкений айлчлалын араас АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллоид Остин Өмнөд Солонгост айлчилж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Блинкений Сөүл дэх айлчлал хоёр орны хамтын ажиллагаа түншлэл улам ойртож байгааг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна.
Мөн Өмнөд Солонгос Япон улстай сүүлийн жилүүдэд илүү ойр дотно түншлэх болсон. Пхеньяны эсрэг дан ганц АНУ-Өмнөд Солонгос улсууд хоёр талын хамтын ажиллагаа өрнүүлэх бус, Японтой мөн хамтарч гурвалсан хамтын ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа гэж Өмнөдийн ажиглагчид мэдээлж байна. Энэ харилцаанаас Өмнөд Солонгост ирж байгаа нэг дарамт байгаа нь Вашингтоны нөлөөн дор Украинд зэвсэг нийлүүлэх магадлал нэмэгдэж байгаа юм. Гэтэл энэ нь Өмнөд Солонгосын дэлхийн аль ч дайн мөргөлдөөн болж байгаа бүсэд зэвсэг нийлүүлэхгүй гэсэн гадаад бодлоготой зөрчилдөж байна гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.