Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийн хэрэгжилтийг түр зогсоожээ.
Умард Солонгосыг цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсний хариуд Өмнөд Солонгосын тал 2018 онд байгуулсан Солонгос хоорондын цэргийн хурцадмал байдлыг намжаах тухай хэлэлцээрийн зарим заалтын хэрэгжилтийг өнөө өглөөнөөс түр зогсоожээ.
Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хан Док Сугийн даргалсан засгийн газрын ээлжит бус хуралдаанаар баталсан саналын дагуу тус улс Солонгос хоорондын хил орчимд явуулах тагнуул, тандалтын ажиллагаагаа сэргээх ажээ. Их Британид төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч Юн Сог Ёль уг саналыг цахимаар баталсан байна.
Тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулах гурав дахь оролдлого нь амжилттай болсон талаар Умард Солонгосын тал мэдэгдсэний дараа дээрх алхмыг хийсэн байна. Уг хиймэл дагуулыг Умард Солонгосын баруун хойд эргийн Тончан хошуун дахь хөөргөх талбайгаас мягмар гаргийн орой хөөргөжээ.
Уулзалтын үеэр Хан Док Су хэлэхдээ, Солонгосын хойг дахь цэргийн хурцадмал байдлыг намжаах, итгэлцлийг бий болгох зорилгоор 2018 оны есдүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Цэргийн хэлэлцээрийг дагаж мөрдөх хүсэлгүй байгаагаа Умард Солонгосын тал тодорхой харуулж байна гэжээ.
Иймд хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын хэрэгжилтийг түдгэлзүүлж, хоёр Солонгосыг тусгаарлаж буй цэргийн хилийн шугам орчмын нутаг дэвсгэр буюу цэрэггүй бүс гэгддэг бүсэд Умард Солонгосын эсрэг тагнуул, тандалтын ажиллагааг нэн даруй сэргээх боломжийг бүрдүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.