БНСУ-ын “BTS” хамтлагийн үлдсэн гишүүд цэргийн алба хаана

БНСУ-ын “BTS” хамтлагийн үлдсэн гишүүд цэргийн алба хаана

Өмнөд Солонгосын “BTS” хөвгүүдийн хамтлагийн гишүүн RM, Жимин, V, Жонгүг нар цэргийн албан үүргээ гүйцэтгэж байгаа гурван гишүүнээ даган цэргийн алба хаахаар зэхэж байна гэж тус хамтлагийн менежментийг хариуцдаг “BigHit Music” компани мэдээлжээ.

“RM, Жимин, V, Жонгүг нар цэргийн албан үүргээ биелүүлэхийн тулд шаардлагатай алхмуудыг хийж эхэлснийг бид зарлаж байна. Тэд цэргийн албанд хэзээ татагдах талаар тодорхой болсон даруйд нь мэдээлэх болно” гэж тус компаниас гаргасан хэвлэлийн мэдэгдэлд дурдсан байна.

Өмнөд Солонгост хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд хоёр жил орчмын хугацаанд цэргийн алба хаах ёстой байдаг. Харин 2020 онд шинэчлэн батлагдсан Цэрэг татлагын тухай хуулийн дагуу хамтлагийн дөрвөн гишүүн цэргийн албанд татагдах хугацаагаа 30 нас хүртлээ хойшлуулах боломжтой юм.

Хэрэв тэд Жин, J-Hope, Шүга нарын адил цэргийн албанд татагдах хугацаагаа хойшлуулахгүй байхаар шийдсэн бол цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан даруйд цэрэгт татагдах бөгөөд энэ оны сүүлч, эсвэл ирэх оны эхээр татагдах магадлалтай байна. Ингэснээр “BTS” хамтлагийн бүх гишүүн 2025 онд цэргийн алба хааж дуусаад хамтлагийн хувиар эргэн нэгдэнэ гэж найдаж байна.

“RM, Жимин, V, Жонгүг нарыг цэргийн албаа хааж, эрүүл саруул эргэж ирэх хүртэл нь үргэлжлүүлэн дэмжиж, хайрласаар байхыг бидний зүгээс та бүхнээс хүсэж байна” гэж “BigHit Music” мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.