БНСУ-ын Сөүл хотод шөнийн цагаар жолоочгүй автобус үйлчилж эхэллээ
Автомат жолоодлоготой автобуснууд Сөүл хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй автозамуудаар шөнийн цагаар үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Энэ нь жолоочгүй тээврийн хэрэгслээр үйлчилдэг анхны шөнийн автобусны маршрут гэж хотын албаныхан Мягмар гаригт мэдэгдэв.
"А21" дугаартай хоёр автобус Даваа гаригийн оройноос эхлэн Хонгдэ дүүргээс Сөүл хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Дундэмун дүүрэг хүртэл 20 зогсоолын хооронд зорчигчдыг тээвэрлэж эхэлжээ. Шөнийн автобуснууд зөвхөн ажлын өдрүүдэд 23:30 цагаас үйлчилгээнд гарч, маргааш өглөөний 05:10 цаг хүртэл хоорондоо 70 минутын зайтай явах гэнэ.
Мөн зогсоол дээр байрлуулсан зурагт хуудас дээр хэвлэсэн QR кодыг ашиглан туршилтын хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ урьдчилан өгснөөр хэн ч автомат автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой. Гурван сарын туршилтын дараа зорчигчид тасалбараар явж эхлэх аж.
"Hyundai Motor Co" компанийн "Elec City" загварыг өөрчилж бүтээсэн автомат жолоодлоготой автобуснууд нь бусад энгийн автобусуудтай ижил хэмжээтэй байна.
Солонгос улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах хороо 2025 он гэхэд хотод бие даасан автобусны үйлчилгээг арилжаанд оруулах зорилтоо танилцуулаад байсан. Хэрэв энэхүү өөрөө жолоодлоготой автобус хангалттай эрэлттэй байвал автомат жолоодлогын үйлчилгээг өргөжүүлж маршрутын цар хүрээг ч мөн тэлэх зорилготой байгаагаа мэдэгдсэн юм.
Үйлчилгээ тогтворжсоны дараа ирэх оны эхний хагаст Сөүл автобуснуудыг төлбөртэй үйлчилгээнд шилжүүлэхээс өмнө хэсэг хугацаанд үнэ төлбөргүй явуулахаар төлөвлөж байна. Мөн хотын захиргаа автобусны чиглэлийг өргөтгөж, жолоочгүй автобусыг хотын төвүүдийг хотын захын хороололтой холбосон бусад холын замд нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна гэж хотын удирдлагууд мэдэгдэв.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.