БНСУ-д хүчирхийлэл үйлдсэн Мандал сумын орлогчид хоёр жилийн хорих ял оноожээ.
Энэ оны зургаадугаар сард Өмнөд Солонгост ажлын шугамаар очсон Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч М тус улсад байх хугацаандаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдан, баривчлагдсан билээ. Тус хэрэгт холбогдох шүүх хурал өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Чэжү хотын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2-р хэлтэст болжээ.
Шүүхээс гэмт этгээдэд хоёр жилийн хорих ял, дөрвөн жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Түүний яллах дүгнэлтэд "Сэжигтэн М нь 2023 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн 01:00 цагийн орчимд Чежү хотын нэгэн зочид буудалд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 20 гаруй насны орчуулагч эмэгтэйд (монгол) бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутай нь тогтоогдсон" гэдгийг тодотгосон байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын удирдлагын багт ажилладаг М нь тухайн үед Чежү хотод очих үедээ язгуур урлагийн хамтлагийнхантай хамт зочид буудалд байрласан байжээ.
Хохирогч бүсгүй болсон явдлыг буудлын ажилтанд мэдэгдэж, тусламж хүссэнээр уг хэрэг ил болсон юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр Засаг даргын орлог М шүүх хуралдааны үеэр үйлдсэн хэргээ болон нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж: Newsis
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.