БНСУ-ын Ерөнхийлөгч зургаан сайдаа сольжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч зургаан сайдаа сольжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Сангийн сайдыг ахлах нарийн бичгийн дарга нарынхаа нэгээр сольж, өөр таван хүнийг голчлон эдийн засгийн асуудал эрхэлдэг яамдын сайдын албан тушаалд томиллоо. 

Сангийн сайд болон Шадар сайдын албыг хашиж байгаа Чу Кён Хо ирэх дөрөвдүгээр сард болох парламентын сонгуульд өрсөлдөнө гэсэн таамаглал гараад байгаа энэ үед өнгөрсөн долоо хоногийг хүртэл Юн Сог Ёлийн эдийн засгийн асуудал эрхэлсэн ахлах нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Чой Сан Мокийг уг албан тушаалд томилжээ.

“Sookmyung” эмэгтэйчүүдийн их сургуулийн ерөнхийлөгч асан Кан Жун Ай-г Ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайдаар, мөн Солонгосын Хөдөө орон нутгийн эдийн засгийн асуудал эрхэлсэн хүрээлэнгийн ахлах судлаач асан Сон Ми Рюнийг Хөдөө аж ахуйн сайдаар томилсон гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ким Дэ Ки хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Мөн төрийн өмчит орон сууцны барилгын компани “Korea Land & Housing” корпорацын дарга асан Пак Сан Вуг Газрын асуудал хариуцсан шинэ сайдаар томилсон бол Солонгосын Далайн шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Кан Ду Хюныг Далай тэнгисийн асуудал эрхэлсэн сайдын албан тушаалд томилсон байна. Түүнчлэн Гадаад хэргийн дэд сайд О Ён Жуг Жижиг, дунд үйлдвэрлэлийн сайдад нэр дэвшүүлжээ.

Чу Кён Хо, Ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд Пак Мин Шик, Газрын асуудал хариуцсан сайд Вон Хи Рён зэрэг Засгийн газрын хэд хэдэн гишүүн Үндэсний ассемблэйд нэр дэвшихээр бэлтгэж байгаа бололтой. Юн Сог Ёль мөн гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж буй засаг захиргааныхаа үйл ажиллагааг шинэчлэхийг эрмэлзэж байгаа үед эдгээр өөрчлөлтийг хийжээ.

Юн Сог Ёль өндөр инфляц, одоогоор гол сөрөг хүчний хяналтад байгаа парламентын сонгууль, түүнчлэн хөдөлмөр, боловсрол, тэтгэвэр гэсэн шинэчлэлт хийх гол гурван салбарт үр дүнд хүрэх шаардлагатай байгаа зэрэг эдийн засаг, улс төрийн олон сорилттой тулгараад байна.

Түүнчлэн Хууль зүйн сайд Хан Дон Хуныг парламентын сонгуульд нэр дэвших хүчтэй өрсөлдөгч гэж үзэж байгаа тул ирэх долоо хоногуудад Засгийн газарт дахин халаа сэлгээ хийж магадгүй байна. Харин Солонгосын Харилцаа холбооны хорооны дарга Ли Дун Кван өнгөрсөн долоо хоногт өөрийг нь огцруулах асуудлаар парламентад санал хураахын өмнө албан тушаалаасаа огцорчээ.

2030 онд болох “Дэлхийн Экспо”-г зүүн өмнөд нутгийн Бусан хотод зохион байгуулах кампанит ажлыг тэргүүлж байсан Гадаад хэргийн сайд Пак Жиний хувь заяа ч мөн адил тодорхойгүй байна.

Өмнөд Солонгост сайдын албан тушаалд нэр дэвшсэн бүх хүмүүс парламентаар батламжлах процессыг давах ёстой байдаг боловч томилоход Үндэсний Ассамблейн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.