БНСУ, ЯПОН, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд Сөүлд хэлэлцээ хийжээ
Япон, АНУ, Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд өчигдөр Сөүлд уулзалт хэлэлцээ хийсэн байна. Гурван талт хамтын ажиллагаагаа ахиулах хүрээндээ талууд, Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх санаачилга хэрэгжүүлэхээр тохирсон талаар олон улсын хэвлэлүүд уламжилж байна.
Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чо Тэёнг, АНУ болон Япон улсын ижил түвшний албан тушаалтнууд болох Жек Салливан, Акиба Такэо нар уулзалтынхаа дараа хамтарсан мэдэгдэлдээ мөн, гурван улс болон Австрали улс хамтран, өнгөрсөн сард Умард Солонгос улс тагнуулын хиймэл дагуул хөөргөсний хариуд шинээр хориг арга хэмжээ авах талаар мэдэгдсэн байна. Умардын талаас үйлдэгдэж болзошгүй кибер халдлагууд, мөнгө угаах болон пуужингийн туршилтуудын хариуд авах арга хэмжээг чангатгахад энэ арга хэмжээ нь чиглэнэ гэдгийг мэдээлсэн байна. Гэхдээ яг арга хэмжээ авах тухайд тодруулаагүй байна. Гурван улсын албаныхан Сөүлийн энэ уулзалтаараа тэрчлэн, Умард Солонгос, ОХУ-ын цэргийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөж авч хэлэлцжээ. “Энэ хоёр улсын түншлэл гүнзгийрсний дүнд Умард Солонгос улс энэ оны эхээр хоёр ч удаа бүтэлгүйтсэн цэргийн тагнуулын хиймэл дагуулаа хөөргөж чадсан нь илэрхий байна” гэж талууд дүгнэжээ. Тэд мөн Пхеньяны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаж, бусад улстай цэргийн салбарын хамтын ажиллагаа өрнүүлэхийг хориглохоор заасан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ нотлон илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Умард Солонгос улс ойрын үед тойрог зам дахь хиймэл дагуулын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна. Солонгосын хойг, Номхон далайн ажиллагааны бүсүүдэд мэдээлэл цуглуулах, хянах хүрээнд ингэж төлөвлөж байгаа талаар умардын мэдээний төв агентлаг дамжуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.