БНСУ-ын Засгийн газар төрөлтийг дэмжихгүй бол улсын эдийн засаг буурж, хасах үзүүлэлт рүү орно
Өмнөд Солонгосын Төвбанк БНСУ хэрэв үр дүнтэй бодлого авч хэрэгжүүлж, төрөлтийг дэмжихгүй бол 2050 он гэхэд улсын эдийн засаг буурсаар, хасах үзүүлэлт рүү орно гэжээ.
Тайланд тэмдэглэхдээ, БНСУ-ын 2021 оны төрөлт буюу төрөх насны эмэгтэйчүүдийн төрөх тоо дунджаар 0.81 байжээ. Энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага OECD-ийн 35 гишүүнээс хамгийн доод түвшинд очсон дүн аж. Өмнөд Солонгост төрөлт 1960 онд 5.95 байсан бол ийнхүү 60 жилийн дараа 2021 онд 0.81 болж буурсан. Энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа юм байна.
Төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхгүй бол 2050 он гэхэд эдийн засаг алдагдалтай болж, 2070 он гэхэд хүн ам өнөөгийн 51 саяас буурсаар 40 сая хүрэхгүй болно гэж тайланд тэмдэглэжээ. Ширүүн өрсөлдөөн, ажилгүйдэл, орон сууцны зардал нэмэгдсэн, хүүхдийн аюулгүй байдалд сэтгэл түгших зэрэг нь төрөлт буурах шалтгаан болж байна. Засгийн газраас тусгайлан бодлого хэрэгжүүлбэл төрөлтийг сэргээж 0.845-д хүргэх боломжтой гэж Өмнөд Солонгосын Төвбанк дүгнэжээ.
Сүүлийн жилүүдэд БНСУ-д орой гэрлэх, огт гэрлэхгүй байх явдал нэмэгдэж, төрөлт буурсаар байгаа юм. Тоо баримтаас харвал, 2020 онд 192 мянган хос гэрлэхээр бүртгүүлжээ. Энэ нь 11 жил дараалан буурсан үзүүлэлт бөгөөд 1970 онд анх гаргаж байсан баримтаас хойших хамгийн бага гэрлэлт болж байна.
Эх сурвалж: newspress.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.