Юүн Сог Ёоль Ерөнхийлөгчийг огцруулах хуулийн төслийг Үндэсний Ассамблейд танилцууллаа
БНСУ-ын ерөнхийлөгч "Юүн Сог Ёоль" нь өнгөрөгч 12-р сарын 3-ний өдрийн 21:00 цагт улс орны хэмжээнд "Онц байдал" зарлаж Үндэсний Ассамблейн ордныг тусгай хүчний цэргүүд эзлэх оролдлого хийсэн боловч Ассамблейн сөрөг хүчний намуудын 190 гишүүн, эрх баригч намын 18 гишүүн цуглаж 4-ний өдрийн 01:30 цагийн үед Ерөнхийлөгчийн зарласан Онц байдал нь үндэслэлгүй гэж үзэж цуцлах тухай тогтоол баталснаар үйл явц намжсан билээ.
Хэдийгээр үйл явц намжаад байгаа боловч энэхүү үйл явдалтай холбогдуулан Үндэсний Ассамблейн сөрөг хүчний 6 намын 190 гишүүн болон бие даагч 1 гишүүн нийт 191 гишүүн гарын үсэг зурж "Юүн" ерөнхийлөгчийг огцруулах саналыг Үндэсний Ассамблейд өргөн бариад байгаа билээ.
Тэгвэл өнгөрсөн шөнө Үндэсний Ассамблейн нэгдсэн чуулганыг зарлан хуралдуулж 5-ний өдрийн 00:48 цагийн үед "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг гишүүдэд албан ёсоор танилцуулсан байна.
Ерөнхийлөгчийг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан тохиолдолд хамгийн эхний чуулганд танилцуулах ёстой байдаг бөгөөд 24 цагийн дараа 72 цагийн дотор Үндэсний Ассамблей нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж санал хураалт явуулах хуультай байдаг байна.
Үндэсний Ассамблейн нийт гишүүдийн дийлэнх олонхын санал буюу гуравны хоёрын санал авсан тохиолдолд Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төсөл батлагддаг юм.
БНСУ-ын Үндэсний Ассамблей нь 300 гишүүнтэй бөгөөд эдгээрийн 200 гишүүний дэмжлэгийг авсан тохиолдолд Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төсөл батлагдах боломжтой. Гэвч сөрөг хүчний намууд нийлээд 192 суудалтай тул ерөнхийлөгчийн нам буюу "Ард түмний хүч" намаас 8 гишүүн дэмжсэн санал өгч байж тогтоолын төсөл батлагдах боломжтой юм.
Тэгвэл өчигдөр Эрх баригч "Ард түмний хүч" намын бүлгийн хурал болж юу ч болж байсан "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төсөлд бүлгээрээ эсрэг санал гаргахаар тохиролцсон тухай намын дарга "Хан Дун Хүн" өнөөдөр өглөө албан ёсны мэдээлэл өглөө.
"Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тухай тогтоолын төсөл нь хамгийн хурдандаа 6-ний өдрийн 00:49 цагт нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж боломжтой юм.
Эх сурвалж : Yonhap News
БНСУ дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.