Шуурхай мэдээ : "Юүн" Ерөнхийлөгч Тагнуулын байгууллагад өөрийн намын даргыг баривчлах тушаал өгсөн үү!
БНСУ-ын ерөнхийлөгч "Юүн Сог Ёоль" өнгөрсөн 3-ний шөнө улсын хэмжээнд "Онц байдал" зарлаж тусгай хүчний цэргүүд Үндэсний Ассамблейн ордныг эзлэх оролдлого гарсан үйл явдалтай холбоотойгоор тус улсын улс төрийн нөхцөл хурцдаад байгаа билээ.
Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулан Үндэсний Ассамблейн зүгээс холбогдох хүчний байгууллагуудын удирдлагууд, Батлан хамгаалах яамны өндөр дээд албан тушаалтнуудыг ээлж дараалан дуудаж нээлттэй сонсгол хийх байдлаар тухайн шөнийн үйл явдлуудыг тодруулсаар байна.
Энэхүү сонсголын үед ноцтой нөхцөл байдлууд илэрсээр байна. Тодруулбал "Онц байдал" зарласан үед Үндэсний Ассамблейн ордныг хаах үүрэг гүйцэтгэсэн тусгай үүргийн 707-р ангийн дарга "Гуаг Жун Гин" тухайн үед Батлан хамгаалахын сайд <Ассамблейн гишүүдийг ордноос хүчээр гарга> гэж надад үүрэг өгсөн боловч би энэхүү үйлдэл нь хэтэрхий хууль бус гэж үзээд тэрхүү тушаалыг биелүүлээгүй бөгөөд өөрийн цэргүүдэд Ассамблейн нэгдсэн хуралдааны танхимд орж болохгүй гэдэг чиглэл өгсөн гэх мэтээр хэн ямар тушаал өгч үйл явц хэрхэн явагдсан талаар бодит байдлуудыг илчилсэн юм.
Мөн "Тагнуулын ерөнхий газар"-ын I нарийн бичгийн дарга Үндэсний Ассамблейн хэлэлцүүлэгт гэрчээр оролцохдоо <Тухайн шөнө ерөнхийлөгч өөрийн биеэр утсаар холбогдож өөрийн намын дарга "Хан Дун Хүн" болон сөрөг хүчний намын дарга, Үндэсний Ассамблейн дарга зэрэг чухал өндөр улс төрчдийг баривчлах тушаал өгсөн...Гэвч миний бие тийм эрх байхгүй, тийм боломж ч байхгүй гэж хэлээд татгалзсан> гэсэн ноцтой мэдэгдэл хийгээд байна.
Энэ мэт шинээр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ерөнхийлөгчийн нам буюу эрх баригч намын дарга "Хан Дун Хүн" өөрийн байрь суурийг өөрчилж "Юүн" Ерөнхийлөгч цаашид ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон тул Ерөнхийлөгчийн үүргийг түр түдгэлзүүлэх ёстой гэж мэдэгдээд байна!
Хэрэв энэ мэтээр намын дарга ерөнхийлөгч хоёрын хооронд үл ойлголцол үргэлжилсэн тохиолдолд маргааш болох ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төсөл батлагдах магадлалтай болоод байгаа тул дөнгөж сая буюу 13:00 цагийн үед "Юүн" ерөнхийлөгч өөрийн намын дарга "Хан Дун Хүн"-тэй уулзах хүсэлт тавьсан бөгөөд ерөнхийлөгчийн гэрт уулзаж байгаа талаар баттай мэдээлэл гарлаа.
Эх сурвалж : SBS News
БНСУ дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.