Шуурхай мэдээ : "Юүн Сог Ёоль" Ерөнхийлөгчийг намын гишүүд нь авч үлдэв...
БНСУ-ын Ерөнхийлөгч "Юүн Сог Ёоль" нь хууль зөрчин үндэслэлгүйгээр улсын хэмжээнд "Онц байдал" зарлаж Үндэсний Ассамблейн халдашгүй байдлыг зөрчин улс оронд түгшүүртэй байдал үүсгэхийн зэрэгцээ олон улсад эх орныхоо нэр хүндийг унагасан гэх үндэслэлээр түүнийг огцруулах тогтоолын төслийг сөрөг хүчний 6 намын гишүүдийн зүгээс Үндэсний Ассамблейд өргөн бариад байсан билээ.
Тэгвэл тогтоолын төслийг хэлэлцэн санал хураах ёстой хуулийн хугацаа 8-ний өдрийн 00:50 цагт дууссан бөгөөд санал хураалтад нийт 195 гишүүн оролцож Үндэсний Ассамблейн нийт гишүүдийн дийлэнх олонх буюу 200 гишүүн оролцох ёстой хуулийн босгыг давж чадалгүй "Юүн" Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төсөл хүчингүй боллоо. Санал хураалтад сөрөг хүчний намуудын бүх гишүүд буюу 192 гишүүн бүгд оролцсонбол эрх баригч намаас 3 гишүүн л оролцож бусад гишүүд нь намын бүлгийн шийдвэрээ даган санал хураалт явагдаж дуустал хуралдааны танхимд орж ирсэнгүй.
Ийнхүү 12-р сарын 3-ний шөнөөс эхэлсэн улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал өндөрлөв. Гэвч сөрөг хүчний намуудын зүгээс Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг дахин өргөн барих болно гэж мэдэгдээд байна.
Мөн онц байдал зарласан үйл явдалтай холбогдуулан тус улсын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь ойлгомжтой болоод байгаа тул цаашид үйл явц хэрхэн өрнөх нь ОУ-ын анхаарлын төвд байсаар байх нь дамжиггүй юм.
Эх сурвалж : Yonhap News
БНСУ дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.