АНУ-ын цагдаа нарын хэрцгий үйлдлийг илчилсэн дүрс бичлэгүүд цацагдсаар байна
АНУ-ын Миннеаполис хотод Жорж Флойд гэгч хар арьст иргэн цагдаа нарын гарт амь үрэгдсэнтэй холбогдуулан тус улсын томоохон хотуудад өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр хууль хүчнийхний гаргаж буй хэрцгий үйлдлийг илчилсэн дүрс бичлэг олноор цацагдаж байна.
Буффало хотод өндөр настай хүнийг газар түлхэн унагасан хоёр цагдааг ажлаас нь чөлөөлсөн бол Индианаполис хотын цагдаагийн газар хууль хүчнийхэн нэгэн хар арьст эмэгтэйг зодож, чинжүүт хий цацсан хэргийг шалгаж байна. Вашингтон хотод аюулгүй байдлын албаныхан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт ойролцоох сүмд очиж, гэрэл зураг авах боломжоор хангахын тулд Цагаан ордны гадаа жагсагчдын эсрэг чинжүүт хий, утаат бөмбөг хэрэглэсэнтэй холбогдуулан Америкийн иргэний эрх чөлөөний холбоо жагсагчдын үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч, ерөнхий прокурор зэрэг албан тушаалтныг буруутган шүүхэд ханджээ.
Жорж Флойдын амь насаа алдсан өдөр буюу тавдугаар сарын 25-нд Феникс хотноо Дион Жонсон гэгч мөн хар арьст иргэн хууль хүчнийхний гарт амь үрэгдсэн хэргийн мэдээллийг Аризона муж ил болгожээ. Энэ мэт хууль хүчнийхний энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэн, хэрцгий үйлдэл гаргаж буй дүрс бичлэг мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Буффало хотын цагдаагийн шуурхай албаны алба хаагчид өндөр настай хүнийг газар түлхэн унагасан хоёр цагдааг ажлаас нь чөлөөлснийг эсэргүүцэн бие бүрэлдэхүүнээс гарчээ. 75 настай хохирогчийн биеийн байдал хүнд байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.