АНУ-ын хөрөнгийн биржүүд хурдацтай сэргэж байна

АНУ-ын хөрөнгийн биржүүд хурдацтай сэргэж байна

АНУ-ын томоохон хөрөнгийн биржийн хувьцаанууд хурдацтай сэргэж байна. Мөн тус улсын муж, хотуудад хөл хорио сулраж байгаатай холбоотойгоор ажилгүйдлийн үзүүлэлт буурч байгаа эдийн засгийн эерэг өөрчлөлт гарч байгаа аж. 

АНУ-ын аж үйлдвэрийн гол индекс болох “Dow Jones” өчигдрийн хаалтын ханш 27,110-тай байсан нь өмнөх өдрийнхөөс 3.1 хувиар өндөр байжээ. Энэ хооронд технологийн салбарын тэргүүлэх компаниудын хувьцаа байршдаг “Nasdaq” индекс 2 хувиар өсөөд  байгаа юм. “COVID-19”-ийн дэгдэлтээс үүдэн түүхэн уналтад ороод байсан Америкийн хөрөнгийн биржүүд ийнхүү хурдацтай сэргэж байгаа бол тус улсын хөдөлмөрийн зах зээлд ч гэсэн эерэг үйл явдал өрнөж байна. Хөдөлмөрийн зах зээлийн шинжээчид 5 дугаар сард АНУ-ын ажилгүйдлийн үзүүлэлт 20 орчим хувьд хүрнэ гэж тооцоолж байсан ч бодит үзүүлэлт  13.3 хувьтай гараад байгааг АНУ-ын хөдөлмөрийн хэлтсээс мэдээлжээ. Энэ нь 4 дүгээр сарын ажилгүйдлийн үзүүлэлтээс даруй 14 хувиар бага гэсэн үг юм.

Компани, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэх алхмыг авч, ажилгүйдэл буурч байна. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ Америкийн түүхэн дэх хамгийн амжилттай сэргэлт гэдгийг онцолж, цаашид ч  нөхцөл байдал хурдацтай сайжирна гэж  хэлсэн байна.  Гэхдээ зарим шинжээч арьс өнгөөр ялгаварлахыг эсэргүүцсэн жагсаал, тэмцэл болон “COVID-19”-ийн халдварын хоёр дахь давалгаа эхэлж магадгүй гэсэн болгоомжлолтой холбоотойгоор Америкийн хөдөлмөрийн зах зээл ойрын  хугацаанд бүрэн сэргэхгүй гэж мөн сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.