Хонконгийн цагдаагийн газарт шинэ тусгай анги байгуулна
Хонконгийн цагдаагийн газар үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдах гэж буйтай холбогдуулан тусгай анги байгуулахаар болсон байна. Тусгай нэгжийн үйл ажиллагаа уг хууль батлагдсан даруйд түүний биелэлтэд хяналт тавихад чиглэгдэнэ гэж Хонконгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Жон Ли “South China Morning Post” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
"Хонконгийн цагдаа нар хуулийг бодит нөхцөл байдалд хэрхэн яаж ашиглах, хууль тогтоомжид заасан үйлдэлтэй холбоотой мэдээлэл, нотлох баримтыг хэрхэн цуглуулахыг ойлгож мэдэхийн тулд тусгай алба байгуулах шаардлагатай" гэж сайд онцлон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, шинэ анги нэгтгэл нь мэдээлэл цугуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөөц бололцоотой байх аж. "Бид бас энэхүү тусгай хүчнийг хөгжүүлэх урт хугацааны бодлоготой байх ёстой” гэж Жон Ли хэлжээ. Тусгай анги нь Хонконгийн цагдаагийн газрын дарга Крис Танд шууд захирагдах аж.
Үүний зэрэгцээ тэрбээр энэхүү бүтэц нь шинэ хууль батлагдсаны дараа Хонконгийн нутаг дэвсгэрт оролцоогоо өргөжүүлэхээр төлөвлөж буй эх газрын Хятадын аюулгүй байдлын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулах тогтоолыг Хятадын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал тавдугаар сарын 28-нд баталсан юм. Хонконгт тусгайлан зориулсан уг хуулийн төсөлд төрийн эрх мэдлийг сулруулах, салан тусгаарлах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Түүнчлэн төв засгийн газрыг унагах зорилготой бүх төрлийн өдөөн хатгалга, терроризм, гадны оролцоог таслан зогсооход чиглэгджээ.
Баримт бичгийн текстийг боловсруулж байгаа бөгөөд удахгүй батлагдах төлөвтэй байгаа юм. Уг хууль ирэх долоо хоногт батлагдаж магадгүй гэж “South China Morning Post” сонин мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.