Их Британийг маш хүчтэй хоёр дахь давлагаа хүлээж байна

Их Британийг маш хүчтэй хоёр дахь давлагаа хүлээж байна

Их Британийн эрх баригчид сургуулийн үйл ажиллагааг сэргээж, олны хамарсан шинжилгээ хийхгүй бол коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхний давлагаанаас 2.5 дахин хүчтэй байх болно гэж Лондонгийн Эрүүл ахуй, халуун орны өвчин судлалын хүрээлэн анхааруулжээ.

КОВИД-19 цар тахалтай холбогдуулан Их Британи өнгөрсөн гуравдугаар сарын 23-наас хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд энэ сарын эхээр Их Британийн эрх баригчид зарим хязгаарлалтын арга хэмжээг сулруулж эхэлсэн. Тухайлбал, бага сургуулийн үйл ажиллагааг сэргээгээд байгаа бөгөөд дэлгүүр, ресторануудын нээж, спортын арга хэмжээг үзэгчгүй явуулахаар төлөвлөж байгаа юм. Хорио цээрийн дэглэм тус улсад бүхэлдээ хэвээр мөрдөгдөж байна. Ард иргэдэд ажилд явахыг зөвшөөрч, зургаагаас илүү тооны хүнийг нэг дор цугларахыг хориглож, онцын шаардлагагүй тохиолдолд нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байх, өөр хоорондоо хоёр метрийн зай барихыг зөвлөжээ.

Шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 50 хувийг шинжилгээнд хамруулж, тэдэнтэй харьцсан хүмүүсийн 40 хувийг илрүүлэх шаардлагатай гэж эрдэмтэд онцолжээ. Халдварын шинж тэмдэгтэй хүмүүстэй хавьтагчдыг илрүүлэх, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Test and Trace” арга хэмжээг өнгөрсөн тавдугаар сарын 28-наас зохион байгуулж байна. Түүнчлэн, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүн бүрийг өөрийгөө тусгаарлаж, интернет эсвэл утсаар оношлуур захиалан авахыг уриалжээ. Их Британийн Засгийн газар энэхүү хөтөлбөрийн хүрээнд авсан мэдээллийг одоогоор нийтлээгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.