Умард Солонгос Өмнөдийн тусгай элчийг хүлээж авахаас татгалзжээ
БНСУ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай хэлэлцээ хийхээр тус улсад тусгай элч төлөөлөгчдөө илгээх хүсэлт тавьсан боловч Пёньян татгалзсан хариу өгсөн гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.
“Дайсны эсрэг манай шийдэмгий довтолгооноос эмээж сандарсан Өмнөдийн тал мэдэгдэхдээ, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тусгай элч төлөөлөгчдийг Төрийн зөвлөлийн дарга нөхөр Ким Жөн Унд илгээх хүсэлтэй байгаа гэв. Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жон энэхүү "хуурмаг саналаас" бүрэн татгалзаж буйгаа мэдэгдлээ” гэж KCNA агентлагийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Тус агентлагийн мэдээлж буйгаар, Өмнөдийн эрх баригчид БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Чон Ый Ён, Үндэсний тагнуулын газрын дарга Со Хун нарыг тусгай элч төлөөлөгчийн хувиар Пёньянд илгээхийг хүсжээ.
Сөүл Солонгос хоорондын харилцааны өнөөгийн байдлыг буруу дүгнэсэн гэж үзэж байгаа учир БНАСАУ-ын эрх баригчид БНСУ-ын эрх баригчдын "бодлогогүй санал"-д сэтгэл дундуур байсныг тэмдэглэсэн байна. “Та бүхэн дахин олон санал тавина, гэхдээ энэ бүхэн хэрэгжихгүй гэдгийг та бүхэн мэдэх ёстой” гэж KCNA агентлаг Өмнөд Солонгосын эрх баригчдад хандан мэдэгджээ. "Өмнөд Солонгосын эрх баригчдын чадваргүй, хариуцлагагүй байдлаас үүдэлтэй Умард, Өмнөд Солонгосын харилцааны хямралыг юу ч шийдэж чадахгүй бөгөөд зөвхөн хангалттай үнээр төлбөл зогсоож болно" гэж тус агентлаг дүгнэв.
Мягмар гарагт БНАСАУ-ын эрх баригчид Кэсон хот дахь хоёр Солонгосын хооронд харилцаа холбоо тогтоох байрыг дэлбэлсэн болохыг баталсан юм. БНСУ-ын төрийн бус байгууллагууд БНАСАУ-ын нутаг дэвсгэр рүү суртал ухуулгын хуудас илгээсний хариуд хариу арга хэмжээ авна гэж тус улсын эрх баригчид өмнө нь мэдэгдсэн билээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жон Солонгос хоорондын харилцаа холбооны газар удахгүй "ул мөргүй нурах болно" гэж ил тод мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.