Сөүл: Умардын тал үнэхээр тэвчээр барж байна

Сөүл: Умардын тал үнэхээр тэвчээр барж байна

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний засаг захиргаа Пьёняны зүгээс Өмнөд Солонгосын тэргүүнийг гутаан доромжилж буй явдлыг болон Солонгосын хойгт нөхцөл байдлыг хурцатгахад чиглэсэн үйлдлийг тэвчихгүй гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын олон нийттэй харилцах албаны ахлах нарийн бичгийн дарга Юн До Хан өнөөдөр /2020.06.17/ мэдэгджээ. Сөүл хоёр улсын тэргүүний хооронд бий болсон харилцан итгэлцэлд ноцтой хохирол учруулсан Умардын бодлогогүй үг, үйлдлийг цаашид тэвчихгүй гэж тэрбээр онцолсон байна. Тэрбээр Хойд Солонгосын удирдагчийн дүү болох Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жоны лхагва гарагт хийсэн мэдэгдлийг бүдүүлэг бөгөөд утга учиргүй гэжээ. Ким Ё Жон хоёр Солонгосын дээд хэмжээний түүхэн дэх анхны уулзалтын 20 жилийн ойд зориулсан  ёслолын арга хэмжээн дээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг “ичгүүргүй заль мэх” шүүмжилсэн байна.

Юн До Хан Сөүл энэ долоо хоногт тусгай төлөөлөгчдөө БНАСАУ руу илгээх тухай нууц мэдээллийг задруулсан гэж Пьёняныг шүүмжлээд энэ алхам нь дипломат ёс дүрмийн тухай суурь ойлголтыг зөрчсөн гээд энэхүү томилолтын зорилгын талаар ташаа мэдээлэл өгсөн гэж Умардыг буруутгажээ.

БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны төлөөлөгч Хойд Солонгосын  Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэх аливаа оролдлогод БНСУ хатуу хариу барина гэж мэдэгджээ. “Хэрэв Умард цэргийн ажиллагаа эхлүүлбэл өндөр үнэ төлөх болно” гэж тэрбээр онцолсон байна. Түүний хэлснээр, БНСУ-ын Зэвсэгт хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, БНАСАУ-ын үйлдлийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд аливаа өдөөн хатгалгад шуурхай хариу үзүүлэхэд бэлэн байна. Хойд Солонгосын үйлдэл хоёр талын харилцааг сайжруулах, Солонгосын хойгт энх тайвныг хадгалан хамгаалах чиглэлээр гаргасан 20 жилийн хамтын хүчин чармайлтыг үгүй хийж байна гэж Штабуудын дарга нарын хорооны төлөөлөгч онцолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.