Хойд Солонгос хилийн бүс рүү цэргээ татжээ

Хойд Солонгос хилийн бүс рүү цэргээ татжээ

БНАСАУ Кымгансан, Кэсон хилийн бүсүүдэд цэргээ оруулж, хээрийн сургуулилтуудыг сэргээх төлөвлөгөө боловсруулж байна гэж Солонгосын Ардын армийн төлөөлөгч мэдэгджээ. Солонгос хоорондын хамтын ажиллагааны бүсүүдийг 2000 оны эхээр хил орчмын Кэсон хот болон Кымгансан ууланд байгуулжээ. Сөүлээс 50 км зайд орших Кэсон нь цэргийн ажиллагаа эхэлсэн тохиолдолд Хойд Солонгосын цэргийн хүч Өмнөд рүү довтлох хамгийн чухал чиглэлүүдийн нэг гэж үздэг байна. Үүний сацуу Хойд Солонгосын тал цэрэггүй бүсэд цэргийн цагдаагийн хяналтын цэгүүдийг дахин байрлуулахаар болжээ.

БНАСАУ-ын цэргийн командлал бүх фронтод ухуулах хуудас тараахад тохиромжтой хэсгүүдийг нээхээр төлөвлөж байгаа аж. Солонгосын Ардын армийн Ерөнхий штаб дээрх төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, ойрын үед Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв комисст танилцуулах гэнэ.

БНСУ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээ хийх зорилгоор тусгай төлөөлөгчдийн БНАСАУ-д илгээх боломж олгох хүсэлт гаргасан ч Хойд Солонгосын тал хүлээн аваагүй байна. Ингэхдээ Өмнөд Солонгосын тал БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улсын аюулгүй байдлын газрын дарга Чон Ый Ён, Үндэсний тагнуулын албаны дарга Со Хуныг тусгай төлөөлөгчдийн хувиар илгээх санал тавьсан гэж Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон Сөүлийн “овжин” саналыг хүлээж авахыг хориглосон аж. “Тусгай төлөөлөгчдийн илгээх Өмнөдийн санал анхнаасаа бодит бус байсан. Коронавирусний цар тахалтай холбогдуулан БНАСАУ хатуу арга хэмжээ авч байгаа бөгөөд тус улсын хилээр зорчихыг хориглоод байгаа билээ” гэж мэдэгдэлд онцолжээ.

Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон энэ сарын 4-нд мэдэгдэл хийснээс хойш Солонгосын хойг дахь нөхцөл байдал хурцадсан. Мэдэгдэлд Ким Жон Уны дүү Өмнөд рүү дүрвэн гарсан хойд солонгосчууд ухуулах хуудас тарааж буйг буруушааж, Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр талын тохиролцоог биелүүлэхгүй байна гэж шүүмжилсэн билээ. Энэ сарын 10-нд Хойд Солонгосын тал Өмнөдтэй бүх харилцаа холбооны шугамаа тасалж, 16-нд хил орчмын Кэсон бүс дэх Солонгос хоорондын харилцаа холбоог зохицуулах товчооны хамтарсан байрыг дэлбэлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.