БНАСАУ Кэсон дахь төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлэв
БНАСАУ хилийн Кэсон хот дахь хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг Мягмар гарагийн үдээс хойш дэлбэлсэн тухай Өмнөд Солонгосын нэгдлийн яамнаас мэдээллээ. Үүнтэй холбогдуулж Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам хилийн бүсэд болзошгүй мөргөлдөөнд бэлтгэлтэй байх, харуул, хяналтаа чангатгасан байна. Мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин Умард Солонгос Кэсон дахь холбооны байгууламжийг дэлбэлсэнтэй холбогдуулж, аюулгүйн зөвлөлөө хуралдуулжээ.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр Умардын төв радиогоор Кэсон дахь төлөөлөгчийн газрын байрыг бүрэн устгасан тухай мэдээлсэн байна. 2018 оны хоёр талын дээд уулзалтаар энэхүү төлөөлөгчийн газрыг нээж, "COVID-19"-ийн улмаас энэ оны 2 дугаар сараас хойш тус төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа түр зогсоогоод байжээ. Мөн өглөө БНАСАУ БНСУ-тай хиллэдэг өмнөд хил буюу цэрэггүй бүсэд цэрэг байрлуулах төлөвлөгөө боловсруулж байгаагаа мэдэгдсэн. Умард Солонгосын Ардын армийн ерөнхий штаб хилийн цэрэггүй бүсэд цэрэг байрлуулах тухай мэдэгдлээ Хөдөлмөрийн намын сонины өнөө өглөөний дугаарт нийтлүүлсэн байна.
Уг мэдэгдэлд Солонгосын ардын арми Умард Өмнөд хоёр Солонгосын тохиролцооны дагуу цэрэггүй болгосон хилийн бүсийг дахин цэрэгжүүлэх төлөвлөгөөг судалж байна. Үүнд хилийн шугамыг бат цайз болгон бэхжүүлэх, армийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх тухай тусгасан. Энэ төлөвлөгөөг Цэргийн төв хороо нь удахгүй батална гэдгийг онцолжээ. 2018 онд хоёр Солонгосын эрх баригчид уулзах үедээ хоёр талын сөргөлдөөнийг бууруулах хэд хэдэн тохиролцоо хийсний нэг нь хилийн дагуух постуудаас 22-ийг нь буюу хоёр тал яг адил 11н харуулын постыг татан буулгаж, цэрэг зэвсгээ татах, хилийн суртал ухуулгыг зогсоох тохиролцоонд хүрч байсан юм.
Пхеньяны энэ алхам өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд Солонгост урваж очсон иргэд Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг шүүмжилсэн ухуулах хуудас хил давуулан хийсгэж байгаа үйлдлийг зогсооход Сөүлд шахалт үзүүлж байгаа хэлбэр гэж ажиглагчид үзэж байна. Ухуулах хуудастай холбогдуулж Пхеньян Өмнөдтэй харилцдаг бүх харилцаа холбооны шугамаа тасалсан. Сүүлийн үед Умард Солонгосын зүгээс хийж байгаа мэдэгдлүүдийг ихэвчлэн Удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёо Жон хийж байна. Энэ нь Ким Ёо Жон Өмнөд Солонгосын эсрэг шахалт үзүүлэх шинэ ажлыг удирдахад голлох үүрэг гүйцэтгэж байгааг илтгэж байна. Нөгөө талд Пхеньяны сүүлийн үед идэвхжиж байгаа хандлага бол эдийн засгийг нь боомилж байгаа хориг арга хэмжээг сулруулахад бодит хувь нэмэр оруулахыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Инд анхааруулж буй нэг бодлогын илэрхийлэл гэж ажиглагчид таамаглаж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.