ДЭМБ “гидроксихлорохин”, ХДХВ-ний эмийн туршилтыг зогсоожээ

ДЭМБ “гидроксихлорохин”, ХДХВ-ний эмийн туршилтыг зогсоожээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хумхаа өвчний эм “гидроксихлрохин”, ХДХВ-ний эм “лопинавир/ритонавир” нь “COVID-19”-өөр халдварласны улмаас эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг бууруулах үйлчлэл үзүүлээгүй тул эдгээр эмийн туршилтыг зогсоохоор болжээ.

Дэлхий даяар нэг хоногийн дотор коронавирусний халдварын 200 мянга гаруй шинэ тохиолдол анх удаа бүртгэгдсэнийг мэдээлэхтэй зэрэгцэн дээрх мэдээллийг хийжээ. ДЭМБ-ын мэдээлснээр, баасан гарагт шинээр илэрсэн халдварын 212326 тохиолдлын дөрөвний нэг гаруй нь АНУ-д бүртгэгдсэн байна.

“Гидроксихлорохин”, “лопинавир/ритонавир” эмийн туршилтуудын урьдчилсан дүнгээр эдгээр эм нь ердийн асаргаатай харьцуулахад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг бууруулахад маш бага юм уу огт үйлчлэл үзүүлээгүй. Тиймээс “Solidarity” туршилтын судлаачид ийм туршилтыг зогсооно” гэж ДЭМБ мэдэгджээ.  

ДЭМБ-ын ахлан явуулж буй туршилтаар “Gilead” компанийн “ремдесивир” вирусний эм “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдэд үр дүн үзүүлж буйг тогтоосон юм. “Ремдесивир” өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацааг богиносож буйтай холбоотойгоор Европын Комисс уг эмийг нөхцөлтэйгээр уулгахыг баасан гарагт зөвшөөрсөн байна.

“Solidarity” туршилтаар ердийн асаргаа, “ремдесивир”, “гидроксихлорохин”, “лопинавир/ритонавир”, “лопинавир/ритонавир болон интерферон” эмээр “COVID-19”-ийг эмчлэх боломжтой эсэхийг судалж байгаа юм. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, “Solidarity” эмнэлзүйн туршилтад одоогийн байдлаар 39 оронд 5500 орчим хүн оролцож байгаа бөгөөд урьдчилсан дүнгүүд ирэх хоёр долоо хоногийн дотор гарах төлөвтэй байгаа ажээ.

Мөн дэлхий даяар “COVID-19”-ийн 150 орчим вакциныг бүтээж байгаагаас 18 вакциныг хүний бие дээр туршиж байгаа юм байна. “Вакцин хэзээ бэлэн болохыг таамаглахад боломжгүй байгаа хэдий ч аль нэг вакцин энэ оны эцэс гэхэд үр дүнгээ үзүүлж магадгүй” гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майк Райан мэдээлжээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.