Цагдаа нар дээрмийн гэмт хэргүүдийг шуурхай илрүүллээ

Цагдаа нар дээрмийн гэмт хэргүүдийг шуурхай илрүүллээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн дээрмийн 2 гэмт хэргийг илрүүлжээ. Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд иргэдийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байдлыг далимдуулжээ.

Тодруулбал, тус дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Драгон” худалдааны төвийн урд дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээллийг энэ сарын 18-ны өдөр хүлээн авч эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Л.Түмэнбаяр, цагдаагийн ахлах ахлагч С.Батбаяр нар шуурхай эрэн сурвалжилж ажиллахад Сэлэнгэ аймгийн харьяат, эрэгтэй, 29 настай “Б”-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байхад, Дархан уул аймгийн харьяат, эрэгтэй 24 настай “Г” нь “Samsung” маркийн гар утас, биет мөнгийг булаан зугтаасныг илрүүлэн тус дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс шалгаж байна

Мөн энэ сарын 19-ний өдөр тус дүүргийн 24 дүгээр хорооны гудманд үл таних 3 залууд дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээллийг авч мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Ганбатын удирдсан бүрэлдэхүүн шалгахад эрэгтэй, 36 настай “А”-г 16-19 насны Б, З, Э нар нь бүлэглэн зодож хэтэвч, биет мөнгө, “Huawei” маркийн гар утсыг нь дээрэмдэж зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн тус дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгаж байна

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, биеэ хамгаалах чадваргүй болсон нэгнээ гэрт нь хүргэж өгөх зэргээр болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

Ташрамд дуулгахад, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан байдаг.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.