Суга Ёшихидэ Японы шинэ ерөнхий сайдаар сонгогдох магадлал өндөр байна
2012 оноос хойш Японы ерөнхий сайдаар ажиллаж байгаа Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрохоо өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Энэ үйл явдлын дараагаар Японы засгийн газрын шинэ тэргүүнээр хэн нэрлэгдэх бол гэсэн хүлээлт үүсэж, янз бүрийн таамаг өрнөж байна. Эн Эйч Ки агентлагийн дамжуулснаар сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёшихидэ Японы шинэ ерөнхий сайдаар сонгогдох магадлал тун өндөр байгаа юм.
Абэ Шинзогийн баруун гарын хүн гэгддэг Суга Ёшихидэ шинэ ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж байгаа улс төрчдийн дунд сонгогдох найдлага хамгийн өндөр хүнээр нэрлэгдэж байна. Тэрээр өөрийн цахим хуудсандаа ард иргэдийнхээ амь нас, мөн аж амьдралын аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллана гэдгээ онцолжээ. Засгийн эрхийг баригч Либерал Ардчилсан намын гишүүдийн дунд ч Суга Ёшихидэг дэмжих хандлага давамгайлж байна. Түүнийг ерөнхий сайдын албан тушаалаасаа удахгүй буухаа зарлаад байгаа Абэ Шинзогийн бодлого, хөтөлбөрийг үргэлжлүүлэх нэгэн гэж харж байгаа юм. Ер нь бол хэд хэдэн нөлөө бүхий улс төрч засгийн газрын тэргүүнээр ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн байна.
Үүн дотор Либерал Ардчилсан намын Бодлогын Судалгааны Зөвлөлийн тэргүүн Фүмио Кишида, тус намын Ерөнхий Нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Шигэру Ишиба, Дотоодын Хэргийн сайд асан Сейко Нода нар багтаж байна. Ямартай ч Либерал Ардчилсан намын удирдлагууд парламентын дээд болон доод танхимын гишүүдийн ерөнхий хуралдааныг 9-р сарын 13-15-ны хооронд зохион явуулахаар санал нэгдээд байна. Энгийн үед бол намын даргыг сонгохдоо гишүүд дэмжигчдийн дунд санал хураалтыг орон даяар явуулах дүрмийг Либерал Ардчилсан нам баримталдаг юм. Гэхдээ энэ удаад цаг хугацаа давчуу байгаа учраас тус намаас парламентад сонгогдсон гишүүд болон мужийн төлөөлөгчдийн дунд л санал хураалт явагдахаар байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.