"Манчестер Сити" Мессид таван жилийн хугацаатай 500 сая еврогийн гэрээ санал болгожээ
Английн хөл бөмбөгийн "Манчестер Сити" клуб Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель Мессид 500 сая евро санал болгоход бэлэн байна гэж “Sport.es” цахим хуудас мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, өдгөө 33 настай хөлбөмбөгчинтэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулах аж. Харин түүний жилийн цалин 50 сая евро байх гэнэ. Месси таван жилийнхээ гурвыг нь Английн Премьер Лигт өнгөрөөх бөгөөд дараа нь 2023/24 оны улирлын тоглолтод “Нью Йорк Сити” клубэд ирнэ. Хөл бөмбөгийн Гол лиг (MLS) рүү шилжсэнийхээ төлөө тэрбээр 250 сая еврогийн урамшуулал авах аж.
Испанийн “Барселона” багт 20 жил хүчин зүтгэсэн Лионель Месси багаасаа явах хүсэлтээ өмнө нь албан ёсоор удирдлагууддаа хүргүүлсэн юм. “Cadena SER” радиогоор мэдээлснээр бол каталончууд түүнийг шилжүүлсний нөхөн төлбөрт 700 сая евро төлөхийг шаардсан боловч хэрэв улирлын төгсгөлд гэрээ цуцлагдвал энэ заалт хүчингүй болно. “Барселона” багтай хийсэн Мессигийн гэрээний хугацаа 2021 оны зун дуусах юм. Дараа нь “Mirror” сонинд “Барселона” Мессиг “Манчестер Сити”-д 280 сая еврогоор зарахад бэлэн байна гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.