Ерөнхий сайд У.Хүрэлсүх Биеийн тамир, спортын улсын хороонд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд биеийн тамир, спортын салбарыг анх удаа өөрийн эрхлэх асуудлын хүрээнд авч салбарын үйл ажиллагааны байдал, тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцлаа.
Дэлхийн улс орнуудын хөгжлийн дэвшлийг илэрхийлдэг нэг үзүүлэлт спорт байдаг. Эх орноо хамгаалдаг, ёс заншлаа дээдэлдэг, эх оронч, эрүүл чийрэг иргэн бэлтгэх, төлөвшүүлэхэд Биеийн тамир, спортын үүрэг хамгийн их. Тэр ч утгаараа энэ салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын тулд ихээхэн анхаарч ажиллахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ.
Шинэчлэн байгуулагдсан Засгийн газрын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр нийтийн биеийн тамир, спортын хөгжлийг шинэ шатанд гаргах, ард иргэдээ эрүүлжүүлэхийн тулд салбарыг нэгдсэн удирдлагад оруулж, төрийн захиргааны байгууллагын статусыг дээшлүүлж, босоо удирдлагатай Биеийн тамир, спортын улсын хороо болгон өөрчилж, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд авсан.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх, Монгол үндэсний уламжлалт спортыг дэлхийн нийтэд таниулах, олон улсын жишигт нийцсэн спортын барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг хийх 3 үндсэн зорилтыг дэвшүүлэн батлаад байгаа юм.
Өмнөх Засгийн газрын үед салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулж, хууль, төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр шинэчлэн, спортын тоног төхөөрөмж, хэрэглэл материалыг гаалийн татвараас чөлөөлөх зэрэг бусад эрх зүйн баримт бичиг батлагдаад байна.
Засгийн газраас Олимпод бэлтгэх төсвийг 2020 оноос 2 дахин нэмэгдүүлж, үндэсний шигшээ багийн төрлийг 22 болгон бүрэлдэхүүний тоог 219 хүнтэй болгож 32.7 хувиар нэмэгдүүлж, түүхэндээ хамгийн олон хүнтэй ҮШБ-ийг бүрдлээ. Тиймээс ард иргэдийн итгэл найдварыг биелүүлж, Токиогийн зуны Олимп, Бээжингийн өвлийн Олимпод амжилтаа ахиулахын төлөө бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийг санууллаа.
Мөн сүүлийн 8 жил үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын цалин 350-450 мянган төгрөгийн цалинтай байсныг 2020 оноос 600-700 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, төрийн зарим чиг үүргийг спортын холбоодод гэрээний дагуу шилжүүлж, санхүүжилтийн шинэ тогтолцоо бий болгосон.
Ирэх 2021 онд Монгол Улсын хувьд олон чухал үйл явдал тохиосон онцгой жил болно. Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийг түүхт ойг Засгийн газраас улс орон даяар 2048 бөх барилдуулах зэргээр өргөн дэлгэр тэмдэглэхээр төлөвлөж байна. Мөн Биеийн тамир, спортын салбарын 100 жилийн ой, Монгол Улсын санаачлагаар зохиогдож буй олон улсын спортын “Залуучуудын ногоон наадам”, олон чухал арга хэмжээ болох учир одооноос шаардлагатай арга хэмжээг авах зүйтэй гэж онцолсон юм гэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.