Д.Жаргалбаяр: Хоолой, чихний өвчнөө хүндрүүлж нас барах тохиолдол нэмэгдэж байна
-Өвлийн улиралд хоолойн өвчлөл нэмэгддэг. Хүмүүс хоолой өвдлөө гэж ярьдаг ч энэ өвчлөлийг дотор нь хэд хэд ангилах байх тийм үү?
-Хүмүүс хоолой өвдлөө гэж ярьдаг. Хоолой гэдэг маань том агуулга. Дотроо хэд хэдэн эрхтэн бий. Тэдгээрийн өвчлөл нь адилхан учраас хүмүүс “хоолой өвдлөө” гэж ярьдаг. Гэтэл яг ямар эрхтэн нь өвдсөн гэдгээс хамаарна. Хамгийн элбэг тохиолддог өвчлөл бол хоолойн мах буюу тагнайн гүйлсэн булчирхайн үрэвсэл бол ихэнх хүүхэн хэлний хоёр талаар хоёр том нугалаас дунд байрласан булчирхай юм. Үүргийн хувьд хамгаалах, чийгшүүлэх, ариутгах, биед хэрэгтэй уураг ялгаруулах үүрэгтэй. Гэтэл энэ гүйлсэн булчирхайн үрэвсэл яагаад элбэг тохиолдоод байна вэ гэхээр манай орны эрс тэс уур амьсгал, эмийн хэрэглээг замбараагүй хэрэглэж өвчнөө архагшуулдаг. Мөн өвчилсөн үед нь дутуу эмчлээд архагшуулдаг. Хоолойн махны аюултай гэж үзээд байгаа нь юу вэ гэхээр хамгийн нарийн хялгасан судас байдаг орчин буюу зүрх, бөөр, үе тархи гэх мэт эрхтнийг өвчлүүлдэг. Ялангуяа зүрхний хоёр хавтаст хавхлагыг сонгомлоор өвчлүүлдэг.
-Хоолойн мах нь өвчлөөд ямар шатандаа явж байна, байлгах ёстой юу, үгүй юу гэдэг эргэлзээ их байдаг. Зарим эмч авах ёсгүй, зарим авч болно гэдэг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Хоолойн махыг авах заалтыг мэргэжлийн эмч тодорхойлно. Заалт нь жилд хэдэн удаа өвддөг, хэр өвддөг, өндөр халуурдаг уу гэх мэт өгүүлэмж асууна. Хоёрдугаарт, мэргэжлийн эмч үзлэг хийнэ. Хоолойн махны гадаргуу, хатсан шар будаа шиг идээ байна уу үгүй юу гэх мэтийг харж байгаад хоолойн махаа тодорхойлно. Гуравдугаарт, лабораторийн шинж тэмдгийг үндэслээд онош тавина. Ингэж байж хоолойн махыг авах эсэх заалт гаргана. Зарим хүмүүс “нэгэнт өвдөх юм чинь авахуулна” гэдэг. Тэгж болохгүй. Энэ булчин өөрт нь ямар хэрэгтэй эрхтэн бэ гэдгийг тайлбарлаж өгөөд гаргадаг. Гэтэл зарим нь бараг амьсгалж чадахгүй болтлоо томруулцан мөртлөө “авахуулахгүй” гэдэг. Энэ нь ямар хүндрэл үүсэх вэ гэдгийг тайлбарлаж өгдөг.
Дээр нь хүмүүсийн бас нэг эргэлздэг зүйл бол хоолойноос шар будаа шиг идээ гарч байна гэдэг. Энэ бол хоолойн махны архаг чулуу юм. Хоолойн махны архаг чулуу ялгарах давтамж ойрхон байгаад байвал танд хэрэггүй болж байна гэсэн үг. Давтамж нь харьцангуй хэдэн сараар хол байдаг бол заавал авах гээд байх хэрэггүй, эмчилнэ.
-Хоолойн мах бол дархлааны булчин учраас энэ махыг авахуулсан тохиолдолд дархлаагүй болдог гэх мэт ам дамжсан яриа байдаг. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Тухайн хүний заалт нь ямар байна түүнээс хамаарна. Хоолойн мах бол хамрын хөндийгөөр орж ирсэн агаарын урсгалыг шүүж байдаг. Чих, хамар, хоолой бол эрүүл цэвэр агаараар уушгийг хангах зорилготой эрхтэн юм. Хамрын самалдаг болоод тагнайн гүйлсэн булчирхай бол шүүлтүүр юм. Тагнайн гүйлсэн булчирхай ажиллагаагүй болсон хүнийх шүүж чадахгүй. Тэгэхээр илүү их өвчлөл, хүндрэл учруулдаг. Арьс харшилтай хүний хоолойн махыг авсан тохиолдолд асуудал багасах магадлал өндөр. Хоолойн өвчлөлөө тоохгүй яваад байхаар бусад булчирхайнд нөлөөлдөг. Хамгийн ойрхон өвддөг эрхтэн бол бамбай булчирхай юм. Олон өвчний үндэс болдог учраас анхаарал болгоомжтой байх ёстой.
-Бас л нэг ам дамжсан ярианы талаар асуумаар байна. Хоолойн махыг бага насны хүүхэд авахуулсан тохиолдолд өсөлт нь зогсдог гэж зарим хүн ярьдаг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Тийм зүйл байхгүй.
-Хоолой өвдсөн үед ухаж идээг нь авдаг хүмүүс бий. Энэ зөв үү?
-Хоолой өвчилсөн үед хамгийн зөв шийдэл бол мэргэжлийн эмчид үзүүлэх юм. Дур мэдэн өөрийгөө эмчлэх, интернетийн зөвлөмж дагах, чонын хэл ороох, шээсээр зайлах гэх мэт шинжлэх ухаанч биш мухар сүсгийн үйлдэл гаргаж болохгүй. Мэргэжлийн эмчид хандаад, зохистой тунгаар эм хэрэглээд, өвчлөл ямар явцтай байна гэдгээ тодорхойлуулах нь чухал.
-Уламжлалт аргаар эмчилдэг арга хэр үр дүнтэй вэ?
-Анагаах ухааныг Европ анагаах ухаан буюу нотолгоонд суурилсан шинжлэх ухаан, уламжлалт анагаах ухаан гэж ангилдаг. Уламжлалт анагаах ухаан бол Европ анагаах ухаанаас илүү олон жилийн настай лдаа. Уламжлалт анагаах ухааныг үгүйсгэхгүй. Мэдээж бүх химийн үйлдвэр хөгжөөгүй үед хүн ургамал, амьтан ашиглаж бие биенээ эдгээж ирсэн болов уу. Уламжлалт анагаах ухаанаас авах юм бий, гээх юм ч бий. Наад зах нь хануур хийхдээ зүүгээ ариутгасан уу, хатгаж байгаа судас нь зөв үү гэдгийг практик туршлагатай сайн хүнд хандах хэрэгтэй. Түүнээс уламжлалт анагаах ухааныг үгүйсгэхгүй.
-Хоолойн мах идээлснээс болоод амь насаараа хохирсон жишээ олон байдаг. Тэгэхээр магадгүй дур мэдэн эмчилж, цаг алдсанаас болдог байх тийм үү?
-Сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйл бол тагнайн гүйлсэн булчирхайнаас гаралтай хүзүү орчмын буглаа үүсээд байна. Буглаа үүсэхээр амь насны заалттай байдаг. Нэг ёсондоо хүндрээд байна. Яагаад гэвэл дур мэдэн эмчилсэн, өвчнөө тоохгүй удаан явсан, сошиалын зөвлөгөө дагаснаас болж байгаа юм. Тиймээс хоолой өвдсөн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж байгаарай. Идээт процессыг минут секундээр хэмждэг учраас аюултай.
-Хоолойн махыг өвдсөн үед авах нь эрсдэлтэй байх тийм үү?
-Тийм. Заавал хоолойн махыг эмчилж, эдгээж байж авах ёстой. Яагаад гэвэл цустай шууд харьцаж, шарх нь ил байдаг учраас хүндрэл өгөх магадлал өндөр байдаг. Тиймээс хэрэв та хоолойн мах авахуулах заалттай бол хоолойгоо өвдөөгүй үед авахуулах ёстой.
-Хүүхдийн чих илүү өвдөмтгий байдаг нь ямар учиртай вэ?
-Хүүхдийн чих өвдөмтгий байдаг учир нь антомын байрлал өөр юм. Том хүнийхээс байрлал нь өөр гэсэн үг. Гаднаас нь харахад хүүхэд чихтэй, хамартай, хоолойтой боловч чихний дотор талын эд эрхтний байрлал нь өөр байдаг учраас хүүхдийн чих өвдөмтгий байдаг. Ийм учраас хүүхдийн хамрыг онгорхой байлгах тусам чих өвдөх эрсдэл бага болно. Хамар битүү байх тусам чих өвдөх магадлал өндөг юм.
-Хамгийн элбэг тохиолддог чихний өвчлөл юу вэ?
-Чихийг гадна, дунд, дотор гэж гурав хуваадаг. Хамгийн элбэг өвчлөл бол дунд чихний үрэвсэл юм. Үрэвслийг хурц болон архаг гэж хоёр хуваадаг. Дунд чихний үрэвслийн хамгийн гол шалтгаан бол ханиадыг дутуу эмчилснээс үүсдэг. Мөн чихээ ухах, алгадах, цохиулах зэргээс үүдэж хэнгэрэг цоорох зэрэг гэмтэл үүсдэг. Ханиадыг буруу эмчилж хугацаа алдсанаас үүдэж дунд чих үрэвсэх, булга гоожих, тархины хүндрэл өгөх эрсдэл бий. Дунд чихний гаралтай тархины идээт үрэвсэл, тархины буглаагаар нас барах тохиолдол нэмэгдэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.