“Apple”, “Facebook”, “Twitter” улирлын орлогоо тайлагнажээ
Коронавирусний цар тахал дэгдсэн хэдий ч “Apple” компанийн улирлын орлого 2020 оны санхүүгийн жилийн дөрөвдүгээр улиралд түүхэн дээд хэмжээнд хүрч өсжээ.
9 дүгээр сарын 26-нд дууссан сүүлийн улирлын дүнд компанийн орлого 64.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ үзүүлэлтийг 2019 оны санхүүгийн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өсжээ. Харин компанийн цэвэр ашгийг 13.7 тэрбум ам.долларт хүрч байсан өмнөх оныхтой харьцуулахад буурч, 12.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.
2020 оны санхүүгийн жилийн нийт орлого өнгөрсөн оны 260.2 тэрбум ам.доллартай харьцуулахад 274.5 тэрбум ам.долларт хүрчээ. Цэвэр ашиг жилийн дундаж үзүүлэлтээр 2019 онд 55.2 тэрбум ам.долларт хүрч байснаас өсөж, энэ онд 57.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.
“Компанийн санхүүгийн жил дөрөвдүгээр улиралд үндсэндээ Mac болон үйлчилгээний борлуулалтаас олсон орлогоос бүрдсэн урьд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлттэйгээр өндөрлөж байна” гэж компанийн тэргүүн Тим Кук онцлон тэмдэглэжээ.
Тав дахь үеийн 5G сүлжээний технологийг дэмждэг “iPhone” ухаалаг гар утасны шинэ загваруудын борлуулалт нь коронавирусний цар тахлын үед ч компани орлогын хэмжээгээ нэмэгдүүлсээр байхад нөлөөлсөн гэдгийг тэрбээр мөн цохон дурджээ.
“Alphabet” компанийн орлого
“Google” компанийг эзэмшдэг “Alphabet” компанийн орлого 2020 оны гуравдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 14 хувиар өсжээ.
Гурван сарын хугацаанд компанийн орлого 46.1 тэрбум ам.долларт хүрсэн бол өнгөрсөн оны мөн үед 40.5 тэрбум ам.долларт хүрч байжээ. Харин энэ оны хоёрдугаар улиралд компанийн орлого жилийн дундаж үзүүлэлтээр 2004 оны 8 дугаар сард Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Google-н IPO-г гаргаснаас хойш анх удаа буурсан байна.
Компанийн цэвэр орлого 2020 оны гуравдугаар улиралд 11.2 тэрбум ам.долларт хүрч өссөн байна. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хэдэн тэрбумаар давжээ.
“Facebook”-н тайлан
2020 оны гуравдугаар улиралд “Facebook” компанийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 22 хувиар өсжээ.
9 дүгээр сарын 30-нд дууссан гурван сарын хугацаанд тус компанийн орлого 21.470 тэрбум ам.долларт хүрсэн бол өмнөх онд энэ үзүүлэлт 17.6 тэрбум ам.доллар байжээ. Энэ хугацаанд цэвэр ашиг мөн 12 хувиар өсөж, 7.18 тэрбум ам.доллараас 8.040 тэрбум ам.долларт хүрчээ. Компани орлогынхоо дийлэнх хэсгийг зар сурталчилгаанаас олсон байна.
“Facebook” нийгмийн сүлжээнд өдөрт 1.82 тэрбум хүн нэвтэрч буйг өнгөрсөн оны гуравдугаар улиралтай харьцуулахад 12 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
“Twitter”-н цэвэр ашиг буурчээ
“Twitter” компанийн цэвэр ашиг 2019 оны гуравдугаар улиралд 37 сая ам.доллар байсан бол энэ онд 29 сая ам.долларт хүрч буурчээ.
Тайлант хугацаанд орлогын хэмжээ 14 хувиар нэмэгдэж 936 сая ам.долларт хүрсэн байна. Тийнхүү өссөнийг зар сурталчилгаанаас олсон орлого нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Орлогын үзүүлэлт АНУ-д гуравдугаар улиралд 10 хувиар нэмэгдэж, 513 сая ам.доллартт хүрсэн бол хилийн чанадад 18 хувиар нэмэгдэж, 424 сая ам.долларт хүрчээ.
Зар сурталчилгаанаас олсон орлого 15 хувиар нэмэгдэж, 808 сая ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн тус сүлжээнд өдөрт нэвтэрдэг хэрэглэгчдийн тоо 29 хувиар нэмэгдэж, 187 саяд хүрсэн байна. Хоёрдугаар улиралд компани 8 гаруй сая ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.