"Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын тэргүүн Ан Сан Су Чи саналаа урьдчилан өгсөн байна.
Мьянмарын Холбооны улсад ирэх сарын 08-нд парламентын сонгууль болно. Тус улсын засгийн эрхийг баригч "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын тэргүүн Ан Сан Су Чи саналаа урьдчилан өгсөн байна.
Цар тахлын тархалтаас үүдэн Мьянмарын сонгуулийн хороо 60 болон түүнээс дээш насны сонгогчид саналаа урьдчилан өгөхийг зөвшөөрч байгаа. Энэ нь ахмад настнуудыг “Ковид-19”-ийн халдварт өртөхөөс сэргийлж буй арга хэмжээ юм. Мьянмарын засгийн эрхийг баригч Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг намын тэргүүн, өдгөө 75 настай Ан Сан Су Чи өчигдөр Нэйпидо хотын санал хураах хэсгээр зочилж, саналаа өгсөн байна.
Тэрбээр саналаа эрт өгч буйн шалтгаан нь сонгуулийн өдөр Янгон хотод очиж чадахгүй байж магадгүйтэй бас холбоотой юм. Тэрбээр Янгоны оршин суугч учраас энэ хотод саналаа өгөх ёстой. Гэхдээ цар тахлын тархалтаас сэргийлэх үүднээс сонгуулийн өдөр хот хооронд аялах хөдөлгөөнийг хязгаарлах аж. Наймдугаар сарын дунд үеэс эхэлж Мьянмар улсад өдөрт 1000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байна.
Ташрамд дуулгахад, энэ жилийн сонгуулиар Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг нам парламентын дээд болон доод танхим дахь олонхын байр сууриа хадгалж чадах эсэх нь шинжээчдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. 2015 оны сонгуулиар Ан Сан Су Чигийн тэргүүлсэн нам ялалт байгуулж, цэргийн дэглэмд цэг тавьсан юм.
ЭХ СУРВАЛЖP: http://www.mnb.mn/i/221033
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.