Монголын түүхийн баримт, эх сурвалжийг хуулбарлан “Чингис хаан” музейд байршуулна
“Чингис хаан” монгол хаадын музей байгуулах, тус музейн үзмэрийн санг бүрдүүлэх Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Элчин сайд Н.Тулга энэ сарын 4-нд Кэмбрижийн их сургуульд зочиллоо.
Тэрбээр Корпус христи коллежийн захирал профессор Кристофер Келли, Паркер номын сангийн эрхлэгч Доктор Филиппа Хоскин, Монгол болон Өвөр Ази судлалын төвийн захирал Профессор Дэвид Снит нартай уулзав.
Уулзалтын үеэр Паркер номын санд хадгалагдаж буй Уильям Рубрукийн аялал болон Жон де Плано Карпинигийн аяллын тэмдэглэлийг үзэж сонирхон, эдгээр Монголын түүх, өв соёлд хамаарах түүхэн баримт, эх сурвалжуудыг хуулбарлан авч, “Чингис хаан” монгол хаадын музейд байршуулах боломжийн талаар ярилцав. Түүнчлэн Паркер номын сангаас манай улсын Засгийн газарт тэмдэглэлүүдийн албан ёсны хуулбарын өмчлөх эрхийг баталгаажуулж өгөхөө мэдэгдээд байна.
Паркер номын сан нь Кэмбрижийн их сургуулийн өв соёлын хамгийн том баялаг бөгөөд дундад зууны болон сэргэн мандалтын үеийн гар бичмэл, номын чухал цуглуулгыг хадгалдаг Европ дахь хамгийн чухал номын сангуудын нэг юм.
ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/mn/read/242015
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.