Бүх нийтийн төлөө цахилгаанаа хэмнэхийг уриалав

Бүх нийтийн төлөө цахилгаанаа хэмнэхийг уриалав

Деспетчерийн үндэсний төв ТӨХХК-иас иргэд, аж, ахуйн нэгж, байгууллага цахилгааны хэрэглээгээ хянаж, зөвхөн өөрийнхөө бус нийтийн төлөө хэмнэхийг уриаллаа. "Монголын нийт газар нутгийн 70-80 хувийг эрчим хүчээр хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалал энэ сарын 14-ний 18.00 цагийн байдлаар 1218 МВт хүрч, ачаалал эрс нэмэгдэн, ослын нөхцөлд ажиллаж байна. Үүний 777 МВт-ыг Улаанбаатар хот хэрэглэж, хяналтын самбарт улаан өнгөөр тэмдэглэгдэн, ОХУ-аас 235 МВт эрчим хүч авахад хүрлээ. Огцом өссөн хэрэглээнээс болж, төвийн бүсийн эрчим хүчний систем аваарын нөхцөлд ажиллаж байна.
Хэрэв техникийн хүчин чадлаас давбал цахилгаан станцын автомат систем ажиллаж, тоног төхөөрөмжөө хамгаалахын тулд хэрэглэгчдийн цахилгааныг таслахаас аргагүй болдгийг Деспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням тайлбарлав.

Мөн гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас, хэрэглээний өндөр ачааллаас хамаарч гал түймрийн эрсдэл учирч болзошгүй тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлжээ.

Үүнд:

-Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,

-Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,

-Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,

-Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаанд орхихгүй байх,

-Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,

-Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,

-Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,

-Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,

-Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.