Коронавирусний улмаас нүүрсхүчлийн хийн ялгарал буурчээ
МОСКВА. /РИА Новости/. Коронавирусний дэгдэлтийн үеэр тохиосон Хятадын шинэ жилийн баярын амралтын дараах хоёр долоо хоногийн хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ дөрөвний нэгээр буурсан тухай “Carbon Brief” цахим хуудас шинээр явуулсан судалгаандаа дурджээ.
Тус цахим хуудас нь Хятадын үйлдвэрүүдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, коронавирусний халдварт өвчний улмаас хэд хэдэн компаниудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон нь тус улсад 2 дугаар сарын 3-16-ны хугацаанд нүүрсхүчлийн хийн ялгарлыг 100 сая тоннооор бууруулж чаджээ гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өнгөрсөн оны мөн үед БНХАУ-д нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээ 400 сая тонн байсан аж.
Ердийн үед Шинэ жилийн баярын амралтын дараах 10 хоногт 6 гол цахилгааны станц дахь нүүрсний хэрэглээ дунджаар 50 хувиар буурдаг хэдий ч дараа нь аажмаар хэвэндээ ордог байна. Энэ жилийн хувьд шинэ жилийн баярыг тохиолдуулсан амралтыг сунгасан нь буурсан үзүүлэлтийг 10 хоногоос илүү хугацаанд хэвээр хадгалан авч үлдсэн байна.
Үүнээс гадна Шаньдун мужийн газрын тос боловсруулах үйлдвэрийн үзүүлэлтүүд 2015 оны намраас хойш хамгийн бага түвшинд хүрч буурсан байна. Түүнчлэн азотын давхар ислийн хэмжээг өнгөрсөн оныхтой харьцуулахад 36 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Азотын давхар исэл нь чулуужсан түлшний шаталтын улмаас агаарт ялгардаг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.