Тапан Мишра: Монгол Улс дэлхийд үлгэр жишээ болж байна

Тапан Мишра: Монгол Улс дэлхийд үлгэр жишээ болж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Уулзалтын эхэнд, дэлхий нийтийг түгшээж  буй шинэ коронавирусын халдвар Монгол Улсад орж ирэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний талаар Шадар сайд товч мэдээлэл өгч, НҮБ, ДЭМБ-аас дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.

Улс хооронд болон дотооддоо бүх төрлийн зорчих хөдөлгөөнд тодорхой хязгаарлалтуудыг хийж байгаа ч  эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй эрсдлийг тооцож ачаа тээвэр, ашигт малтмалын экспортоо хэвийн үргэлжүүлж, эдийн засгийн эргэлтээ нэмэгдүүлэх бусад арга хэмжээ авч ажиллахаар Засгийн газраас төлөвлөж буйг хэлэв.

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комисс эрсдэлтэй нөхцөлд, өөрийн орны онцлогт тохируулж оновчтой шийдвэрийг шуурхай гарган ажиллаж ард иргэдээ шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж, дэлхийд үлгэр жишээ болж байна гэв. 

Монгол Улсын иргэдийн хариуцлага ухамсар өндөр байгаа нь нийслэл Улаанбаатар хотод төдийгүй, орон нутагт ажиллах үеэр ажиглагдаж байлаа. НҮБ, ДЭМБ-тай бүх талаар хамтран ажиллаж, цагийн үеийн мэдээллээр хангаж байна. Бид НҮБ-ын төрөлжсөн сүлжээ байгууллагууддаа шуурхай уламжилсаар байгаа.  Та бүхний явуулж буй үйл ажиллагааг бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно гэлээ.

Халдварт цар, тахал өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ДЭМБ-ын байгууллагаас техник технологийн дэвшил, шинжлэх ухааны ололтын үр дүнд бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн зөвшөөрөгдсөн эм, вакцин, оношлуурыг Монголд Улсад нийлүүлж ажиллахаа амлаж байна гэдгээ уулзалтын үеэр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица илэрхийлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.