Ц.Баатархүү: АН одоо ҮБХ-гоо хуралдуулж, дотоод асуудлаа шийдэх болсон
Ардчилсан нам (АН)-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлагыг тус хорооны гишүүдийн төлөөллөөс намын Улс төрийн зөвлөлдөө хүргүүллээ.
Энэ талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү болон АН-ын бусад гишүүд мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү АН-ын Үндэсний бодлогын хорооний 390 орчим гишүүний олонх нь бодлогын хорооны хурлыг яаралтай зарлан хуралдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурсан гэдгийг онцлоод, "Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Дөрвөн улирал дараалан эдийн засаг агшлаа. Засгийн газарт КОВИД-19-ийн нөхцөл байдлаас үүдсэн хүндрэлээс ард иргэдээ гаргах бодлого байгаагүй нь харагдаж байна. Тиймээс АН-ын ҮБХ Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн асуудалд дүгнэлт гаргаж, Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдалд бодлогын хэлэлцүүлэг явуулах нь зөв. Дотоод асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй байна" гэлээ.
Харин АН-ын гишүүн Х.Тэмүүжин “АН өөрийн толгой дээрх бухлыг олж харахаас гадна тэр бухлаасаа яаж салах вэ гэж санаа зовж, энэ шүүмжлэлийг хүлээн авч байгаа. Айл гэр хэрүүлтэй байхад олон түмэн тэр айл рүү ойртох нь байтугай үр хүүхэд нь айж ичдэг. АН тогоон доторх асуудлаа шийдэж байж сөрөг хүчнийхээ хяналтыг тавина. Нам дотроо хүлээцтэй байж, асуудлаа шийдэн, гадна талдаа хариуцлагатай байх ёстой. АН эрүүл саруул хяналт тавихын тулд Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай” гэсэн байр суурь илэрхийллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.