АНУ дахь Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнуудын тоог бууруулна

АНУ дахь Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнуудын тоог бууруулна

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг Хятадын хэвлэл мэдээллийн 4 компанийн ажилтнуудын тоог 160-аас 100 болгож бууруулна хэмээн Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдсэн байна.


“АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудад ажилладаг Хятадын иргэдийн тоог хязгаарлах шийдвэр гаргаж байна. Хэвлэл мэдээллийн 4 байгууллагын ажилтнуудын тоог хязгаарлана” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.


Өмнө нь Хятадын хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагууд болох “Синьхуа”, “CGTN”, Хятадын олон улсын радио, “Жунго Жибао” сонин болон "Жэньминь жибао" сонинг тараадаг “Hai Tian Development USA” компаниудад хязгаарлалт хийх талаар дурдагдсан байна. АНУ 2 дугаар сарын 18-нд эдгээр байгууллагын АНУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах дүрэм журмыг нь чангатгасан байна.


Энэ сарын 13-наас АНУ дахь “Синьхуа” агентлагт Хятадын 59-с илүү иргэн ажиллах боломжгүй бол “CGTN”-д 30, "Жунго жибао" буюу “China Daily”-д 9-с илүү хүн ажиллах боломжгүй аж.


АНУ-ын Засаг захиргааны энэхүү шийдвэр нь коронавирус дэгдсэнтэй холбоогүй болохыг тэрбээр цохон тэмдэглэжээ.


"Энэ шийдвэр нь улс төрийн шийдвэр боловсруулах үйл явцын үр дүн бөгөөд коронавирустай холбоогүй" хэмээн Төрийн департаментын төлөөлөгч хэлсэн байна.


“Хятад бол Азийн жинхэнэ өвчин” хэмээх гарчигтай сонины нийтлэл гарсантай холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар өмнө нь Бээжин хот дахь “The Wall Street Journal” сонины 3 сурвалжлагчийн томилгоог цуцлах шийдвэр гаргасан юм. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуаны мэдэгдсэнээр, БНХАУ арьс өнгөөр ялгаварлах үзэл шингэсэн, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэр хүндийг зориуд унагааж буй нийтлэлийг сайшаахгүй байна гэжээ. Сэтгүүлчдийг таван өдрийн дотор нутаг буцахыг үүрэг болгосон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.