Өргөсөн тангаргаасаа НЯЦАЖ, Үндсэн хуулиа ҮГҮЙСГЭЖ байна.
Монгол мэдээ
Огноо 2021-02-19
Улс төрд өндөр эрх мэдлийн төлөөх тулаан цагийн цагт л байсаар ирсэн. Харин Үндсэн хуулиас давсан эрх мэдэл эдлэхээр улайрч байсан нь үгүй юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр хандаж, эцэст нь Цэцийн гишүүдийг нэг нэгээр нь дуудан уулзаж байгаа тухай мэдээллийн хэрэгслүүд дэлгээд эхэлжээ.
Үндсэн хуулийн цэц бол хуулийн манаач бөгөөд түүний дээр хөх тэнгэр л бий гэж ярьдаг. Өнөөдрийн байдлаар Цэцийн дээр хөх тэнгэр биш Х.Баттулга заларч, манаачийн үүргийг Ерөнхийлөгч маань өөрөө гүйцэтгэхээр улайрч байгаа бололтой. Учир нь айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд түүний нэр дэвших эрх нь Үндсэн хуулиар хориотой болсон учраас эрх мэдлээ авч үлдэхийн тулд яахаас ч буцахгүй байгааг эх сурвалжууд хэллээ. Өнгөрөгч 2019 онд УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн оруулж өгсөн.
Энэхүү хуулийн хэрэгжилтийг 2025 оноос дагаж мөрдөхөөр оруулж ирсэн ч яг хуулийн төслийг батлахдаа 2020 оны тавдугаар сараас хэрэгжихээр болгосон билээ. Хуулийн хэрэгжих хугацааг 2025 он биш, 2020 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болгосон хүн нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд гэдгийг Э.Бат-Үүл тэргүүтэй улстөрчид хэлдэг. Тухайн үед Ерөнхийлөгчийн тамгын дарга асан З.Энхболд уг хуулийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байх үед “2020 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс мөрдөж эхэлнэ” хэмээн саналаа оруулсан байдаг.
Тодотговол З.Энхболд “Наймаа тохирсон тул хуулийн төсөлд хориг тавихгүй” хэмээн мэдэгдэж байв.
Харин өдгөө Ерөнхийлөгч маань сонгуульд нэр дэвших эрхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон учраас ийнхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй нүүр тулахаар шийдсэн бололтой. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч маань ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хувийн эрх ашгийн дагуу нөлөөлөх оролдлого хийж байгааг юу гэж ойлгох вэ.
Үндсэн хуулийн манаач нарт хэн ч нөлөөлөх учиргүй.
Нөгөө талаар Цэцийн гишүүдэд өөрийн биеэр хүрэлцэн очиж, нэг нэгээр нь дуудаж уулзаж байсан Ерөнхийлөгч Монгол Улсын түүхэнд байхгүй. Тиймээс эрх мэдлээр далайлгах, ямар нэгэн байдлаар дарамтлах нэг хэлбэр ч байж магадгүй гэх хардлага нийгэмд үүслээ.
Энэ асуудлыг анх УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй зарим гишүүд илэрхий гаргаж ирсэн. Ингэхдээ тэд “Ерөнийлөгчийн сонгууль угтаж эрх мэдлээ ашиглан, өрсөлдөгчдөө барьж шоронд хийдэг, нэр хүндийг нь харлуулдаг байдал байна” хэмээн мэдэгдэж, холбогдох байгууллага болон хэвлэл мэдээлэлд идэвхтэй хандах болсон юм.
Х.Тэмүүжин тэргүүтэй хуульчдын тайлбарлаж байгаагаар бол “Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зургаан жилээр зөвхөн нэг удаа гэж заасан учраас энэ хууль адил тэгш үйлчилнэ. Энэ дарга учраас, Ерөнхийлөгч учраас хуулийн нөхцөл ингэж үйлчилнэ гэсэн зүйл байхгүй. Тиймээс өдгөөгийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй” хэмээн тал талаас тайлбарлаж байна. Бүр өргөн агуулгаар нь авч үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль зөрчих боломж хайн гүйж өргөсөн тангаргаасаа няцаж ухарч байна. Түүний өргөсөн тангарагт “Үндэсний эв нэгдлийг хангаж, Үндсэн хуулиа дээдэлсэн Ерөнхийлөгч байна” гэсэн өгүүлбэр байгааг санаж байгаа биз ээ.
Нөгөө талаар Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуулийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ эдэлнэ гэж заасан бол үүнээс хэтэрсэн аливаа эрхийг эдлэхгүй байхаар тусгасан. Уг нь Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиас гадна тодорхой хуулиудаар өөртөө бүрэн эрх авах байдлаар нийт 46 хуулиар бүрэн эрх авсан байдгийг зохицуулах заалт оруулсан байдаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.