Хятадын нутагт хоносон нүүрс тээврийн жолоочийг тусгаарлана

Хятадын нутагт хоносон нүүрс тээврийн жолоочийг тусгаарлана

УОК уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг энэ сарын 15-наас сэргээж онцгой нөхцөлд үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Гашуунсухайт боомтод ажиллалаа.


Энэ үеэр Гашуунсухайт боомтод нэн шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис болон хамгаалах хувцас хэрэгсэл 6 хоногийн нөөцтэй байгааг боомтын удирдлагууд мэдээлсэн байна. Мөн нэг сарын нөөц бүрдүүлэхэд 105,3 сая төгрөгийн төсөв хэрэгтэй байгааг танилцуулж шийдвэрлэж өгөхийг УУХҮ-ийн сайдаас хүсчээ. Эхний ээлжид тээвэрлэлтийгн орох гарах чиглэлд тус бүр хоёр зам нээх юм байна.


Хилийн ойролцоо 50 хүний багтаамжтай тусгаарлах байр бэлтгээд байгаа бөгөөд Хятадын нутагт хоносон жолоочийг тусгаарлах аж.  

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Гуравдугаар сарын 15-наас хилийн тээвэр эхэлнэ. Үүний өмнө бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй. Экспорт эхлэхээр жолооч нар Хятад улс руу үдээс өмнө хил гараад үдээс хойш тус улсад хонолгүйгээр орж ирэх, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй гараад Монгол Улсын нутагт орж ирээд устган, машинаа бүрэн ариутгалд оруулах зэргээр аюулгүй байдлыг зааварчилгааг чанд мөрдөх хэрэгтэй. Эхний ээлжид 300-350 хүртэлх тээврийн машин хилээр нэвтрүүлнэ. Гуравдугаар сарын 30-наас хойш гарч байгаа тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж хонох шаардлага гарвал тэр үед нь зохицуулалт хийнэ” гэв.


“Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын гүйцэтгэх захирал Н. Адъяацэрэн: “Цагаан хад орчмыг дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл, байдал намжтал онцгой бүс болгож өгөөч гэж хүсч байна. Тодорхой тооны хүмүүс нэвтрүүлдэг, дурын хүмүүс зорчдог, энэ хавиар сэлгүүцэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Яг тээвэр хийх зөвшөөрөгдсөн компанийн зөвшөөрөгдсөн жолооч нарыг нэвтрүүлбэл энд 10-20 мянгаараа хүн цуглахгүй гэж бодож байна” гэжээ.


МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан: “Журмын дагуу компани бүр өөрсдийнхөө харьяаллын жолооч нараа хамгаалах хувцас хэрэглэлээр бүрэн хангах ёстой. Жолооч өөрөө авахгүй. Жолооч бүр ямар нэгэн компанид харьяалагдаж байгаа. Тийм учраас харьяалагдаж байгаа компани тусгаарлах байр, хамгаалах хэрэгсэл, хоол, бие засах газар гэх зэргээр кэмпийг зохион байгуулах бүрэн эрхийг олгосон байгаа” гэв.


Тавантолгойн уурхай, Цагаан хад дахь гаалийн хяналтын бүс, Гашуунсухайт боомтод жолооч, тээврийн хэрэгслийн халдвараас хамгаалах эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийг хэрэгжүүлэх, тээвэрлэлтийг зохион байгуулалтад оруулах арга хэмжээг бүрэн авч чадсан нөхцөлд нүүрсний экспортыг эхлүүлэх боломжтой гэдгийг сайд Д.Сумъяабазар онцгойлон анхааруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.