“CU” сүлжээ COVID-19 вирустай холбоотой гарсан бүх хохирлыг бүрэн хариуцахаа мэдэгдлээ
Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-д шинэ төрлийн коронавирусийн тархалт ноцтой нэмэгдэж онцгой байдал тогтоосонтой холбогдуулан CU, GS25 гэх мэт томоохон сүлжээ дэлгүүрийн салбарууд хохирол амсах байдал нь эрс нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр \2020.02.25\ “CU” сүлжээ дэлгүүрийн толгой компани болох “BGF retail” –ын зүгээс албан ёсны мэдэгдэл гаргалаа.
Энэхүү мэдэгдэлд “COVID-19” вирусээр халдварлагдсан болон сэжиглэгдсэн хүмүүсийн үйлчлүүлсэн салбаруудад үүсэж буй хохирлыг толгой компани бүрэн хариуцах болно. Халдвар авсан хүн үйлчлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн салбарууд 24 цагийн турш үйл ажиллагаагаа зогсоон, эрүүл мэндийн газрын зааврын дагуу халдваргүйжүүлэх ажлыг бүрэн хийх ёстой. Энэ үед үүсэх хохирол, алдангыг бүрэн хариуцах болно. Ялангуяа өвчний тархалт эрчимтэй явагдаж буй Дэгү хот, Кёнбүг аймгийн орон нутагт үйл ажиллгаа явуулж буй салбаруудыг эхний ээлжинд дээрх байдлаар дэмжин ажиллах болно. Энэ тухай мэдэгдлийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 14 мянга гаруй салбаруудад албан ёсоор хүргүүлээд байна. Мөн халдварт өвчний тархалтаас үүдсэн эдийн засгийн хувьд хүндрэлд ороод буй салбаруудаа дэмжих үүднээс “Салбаруудын хамтын хөгжлийн фонд”-ыг бий болгон “Үйл ажиллагаа тогтворжуулах” бага хүүтэй зээлийг олгохоор болсон байна. Энэхүү зээл нь жилийн 2 хувийн хүүтэй байхаар яригдаж байгаа гэнэ.
Мөн толгой компанийн удирдлагын зүгээс “Салбар дэлгүүр ажиллуулагч захирал, ажилчдын эрүүл мэндийг хамгийн түрүүнд анхааран үзэх болно” .... “Энэхүү тогтворгүй байдалд салбар дэлгүүрүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс бараа таваарын хангалт, аюулгүй байдал зэргийг бүрэн анхааралдаа авч, дэмжин ажиллах болно” хэмээн мэдэгдээд байна.
Эх сурвалж : NEWSIS мэдээний агентлаг Орчуулсан: Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.