Т.Бэгзсүрэн: Ирэх сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо 40 мянга хүрэх магадлалтай
Коронавирусний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо ирэх сарын эхний 7 хоногт 40 мянгад хүрэх тооцоог УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл гаргажээ.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдварын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонсож буй юм.
Энэ үеэр Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн дээрх мэдээллийг өгсөн юм. Тэрбээр, "Өдөрт гарч байгаа тохиолдлын тоо өдөрт эдгэрч эмнэлгээс гарч байгаа хүмүүсээс илүү байгаа тул ирэх сарын эхний долоо хоногт эмнэлгүүдийн ачаалал ихсэх хандлагатай байгаа.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 34 мянга гаруй хүн байгаа бол ирэх сарын эхээр өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2500 болж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо 40 мянга хүрэх хандлагатай байна.
Хамгийн ихдээ өдөрт 3500 бүртгэгдэх магадлалтай. Мөн ирэх сарын эхээр коронавирусний улмаас нас баралтын хамгийн олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байгаа. Тодруулбал, одоогийн байдлаар өдөрт дунджаар 10-11 хүн нас барж байгаа бол ирэх сарын эхээр 15 болно гэсэн тооцоолол бий" гэлээ.
Тус зөвлөлөөс энэ сарын 25-наас 10 хоног эсхүл 16 хоног хатуу хөл хорио тогтоовол халдварын тоо буурах эсэхэд дүн шинжилгээ хийсэн байна. Хөл хорио тогтоохгүй бол халдварын тоо 220 мянгад хүрэх бөгөөд 16 хоног тогтооход 170 мянга болж буурах боломжтой хэмээн тооцжээ.
Мөн тус зөвлөлийн вакцины үр дүнгийн талаар судалгаа хийсэн бөгөөд 4 хүн тутмын 3-т нь дархлаа тогтсон гэсэн дүгнэлт гарсан байна.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.