Ажлын хэсэг байгуулж, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэж, УИХ-ын гишүүн Н.Учрал ажлын хэсгийг ахалж ажиллахаар боллоо.
Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн талаар танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг боловсруулжээ. Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан байна.
Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх саналтай зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар санал авч, шаардлагатай саналыг тусгасан гэв. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний төсөл нь нийт 6 бүлэг, 23 зорилготой ба Засгийн газрын үйл ажилллагааны хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 300 төсөл, арга хэмжээг тусгасан байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 11.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас улсын төсвөөс 2.2 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 162.3 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 2.7 их наяд төгрөг, түншлэлээр 6.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийх шаардлагатай гэв.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан, энэхүү баримт бичгийг сайн баталснаар 2022 оны улсын төсвийг нэгтгэх үйл явц цэгцрэх ач холбогдолтойг хэлж, хууль хоорондын нийцлийг хангахад бүх түвшиндээ онцгойлон анхаарахыг анхааруулж байв. Түүнчлэн яамд төсвийн орлого нэмэгдүүлэх чиглэлд санаачилга гаргаж ажиллах шаардлагатайг, төсвийн сахилга батыг сахих, ингэснээрээ олон улсын түвшинд зээлжих зэрэглэл тогтвортой байлгах, улмаар санхүүжилт босгож, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа тэлэх шаардлага байгааг анхаарах саналыг илэрхийлсэн.
Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын дээрх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.