Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжив
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив.
Хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийв. Тэрбээр, Төсөл 8 бүлэг, 43 зүйлтэй байхаар боловсруулагдсан бөгөөд зарчмын шинжтэй болон шинэлэг зохицуулалтыг танилцуулбал:
- Сургалтын байгууллага ажил, мэргэжлийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, мэргэшлийн түвшин бүрд нийцүүлсэн сургалтын хөтөлбөрөө өөрсдөө боловсруулах, тасралтгүй сайжруулах, хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжийг бий болгосон.
- Сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангаж, удирдах зөвлөл болон захирлын эрх, үүргийг нэмэгдүүлж, чанар, гүйцэтгэл, үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг суралцагчид ногдох хувьсах зардлын төлбөрийн аргаар санхүүжих шинэ зохицуулалтыг тусгасан. Удирдах зөвлөл төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжтой нийцүүлэн сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө батлах, төсвийн төслийг хэлэлцэх, төсвийн хуваарийг батлах, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох, захиралтай байгуулсан гэрээг дүгнэх, хөрөнгө оруулалтыг нэмэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих зэрэг үүргийг хүлээх зохицуулалтуудыг тусгасан.
- Суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийхдээ гурван талт гэрээ байгуулж, цалин хөлс авах, сургалтын орчны болон мэдээллийн үйлчилгээгээр хангагдах, эцэг эх хүүхдийнхээ сурах боломжийг хангах, аж ахуйн нэгж байгууллага стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах, төгсөгчдийг үнэлэхэд оролцох, гэрээний дагуу үйлдвэрлэлийн дадлагыг сургалтын байгууллага, багштай хамтран зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах зөвлөлд гишүүнээр ажиллах сургалтын байгууллагыг удирдах, хөгжүүлэхэд оролцох зохицуулалтууд тусгасан.
Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, олон улсад өрсөлдөх мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц өөрчлөлт гарч, мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо бүрдэнэ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурах, эдийн засгийн өсөлт, үр ашгийг дээшлүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил нар уг хууль боловсролын тухай хуультай нийцсэн эсэх болон бусад асуудлаар асуулт асууж, уг хуулийн төслийг УИХ-ын харьяа Байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарсан ажлын баг байгуулах санал хэлж байв.
Ингээд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76,9 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуралдааны төгсгөлд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланг сонссоны дараа “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг бэлтгэх үүрэг бүхий Ажлын баг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, Ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.