“Оюу Толгой”-н далд уурхайн зардлыг $4.5 тэрбумаар нэмэх шаардлагатай

“Оюу Толгой”-н далд уурхайн зардлыг $4.5 тэрбумаар нэмэх шаардлагатай

Рио Тинто компани Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг дор хаяж 4.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх шаардлага байгаа талаар Австралийн “Australian Financial Review” сэтгүүл мэдээлжээ.

Монгол Улсын Засгийн газартай үүсгэсэн татварын маргаан болон “ковид-19” вирусний тархалтын улмаас дээрх үр дүнд хүрч байгаа тухай тодотгосон байна.

Рио Тинто компани өнгөрсөн долоо хоногт “Оюу Толгой” төслийн далд уурхай бүтээн байгуулалт хойшилж байгаагаа мэдэгдсэн.

 Уг мэдэгдэлд Монгол Улсын Засгийн газар “ковид-19” вирусний тархалтыг бууруулахад хийж буй бодлогын алхмуудыг дэмжиж, хамтран ажиллаж байгаагаа онцолсон юм.

Одоогоор далд уурхайн төслийн ажил үргэлжилж байгаа боловч Засгийн газрын хэрэгжүүлсэн арга хэмжээ тодорхой нөлөө үзүүлнэ гэдгийг Рио Тинто компанийн зүгээс мэдэгдээд байна.

Өнгөрсөн жил Рио Тинто компани “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацааг 16-30 хүртэлх сараар хойшлуулж, төсөвт өртгийг 1.2 тэрбумаас 1.9 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлсэн билээ.

Хэрэв вирусний тархалт болон Засгийн газартай үүсгэсэн маргаанаас шалтгаалан далд уурхайн бүтээн байгуулалтын зардлаа нэмсэн тохиолдолд бүтээн байгуулалтын зардал 7.8 тэрбум ам.доллар болж өсөх юм.

Эх сурвалж: Australian Financial Review

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.