“Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханд Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ
Монголын софт рок хөгжмийн “Чингис хаан” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач, Монгол Улсын гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханд Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ.
Тэрбээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын Рок музейг үүсгэн байгуулагч, Монголын дуулаачдын холбооны ерөнхийлөгч бөгөөд 300 гаруй дууны шүлэг, аялгуу бичиж найруулан дуулснаас гадна драмын жүжиг, үлээвэр хөгжимд зориулсан марш, радио телевизийн чимэг хөгжим олныг бичжээ.
1975-2020 он буюу нийт 45 жилийн хугацаанд Д.Жаргалсайхан ойролцоогоор 2500 гаруй удаагийн тоглолт хийж, дунджаар сард таван удаа тайзан дээр гарч байсан ба бие даасан, бүрэн тоглолтууд дунджаар 2-3 цаг үргэлжилж байсныг 1975 оноос хөтөлсөн түүний тоглолтын жагсаалтаас харж болох юм.
Зөвхөн 1995-1999 онд “Чингис хаан” хамтлагтайгаа 200 гаруй тоглолт, 600 гаруй цагийг (Сар тутамд гурван цагийн тоглолт 3-4 удаа хийгдэж байсан) орон нутагт хийсэн ба аймаг сумын соёлын ордон, клубийн суудал ашиглалтыг ойролцоогоор 200-300 хүн гэж үзвэл нийтдээ 60 гаруй мянган хүнд таван жилийн хугацаанд үйлчилсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.